Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” болон сансрын аялал жуулчлалын “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск “COVID-19”-ийн халдвар авсан нь түргэвчилсэн оношлуураар тогтоогдсон байна.
Тэрээр бямба гаригт өөрийн твиттер хаягаар дамжуулан “Түргэвчилсэн оношлуураар өөр өөр хариу гарсан ч би коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн байх магадлалтай. Одоогоор надад бага зэрэг ханиад хүрсэн юм шиг шинж тэмдгүүд илэрч байна” гэжээ.
Тэрээр нэг өдрийн дотор дөрвөн удаа түргэвчилсэн оношлуураар шалгахад хоёрт нь эерэг, хоёрт нь сөрөг хариу гарчээ. Тиймээс лабораторийн PCR шинжилгээний хариу гарахыг хүлээж байгаа.
SpaceX компани өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын хоёр сансрын нисгэгчийг тойрог замд хүргэж чадсан нь түүхэн үйл явдал болсон юм. Тэгвэл одоо хоёр дахь удаагаа дөрвөн сансрын нисгэгчийг Олон Улсын Сансрын Станцад хүргэх гэж байна.
Тэд энэ Ням гарагт дэлхийгээс хөөрч, тойрог замд зургаан сар ажиллах юм. Хэрвээ Элон Маск коронавирусийн халдвартай нь батлагдвал тэр энэхүү чухал арга хэмжээнд биеэр оролцож чадахгүй болох юм.
Л.Баяр