Эрүүл мэндийн яам болон УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Өнөөдрөөс эхлэн Эрүүл мэндийн яам өдөрт хоёр удаа буюу 12.00 болон 17.00 цагуудад коронавирусийн талаарх цаг үеийн мэдээлэл хийхээр болсон юм.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ
“Өглөө мэдээлэл хийснээс хойш шинжилгээ, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж ажиллаж байна. 11 дүгээр сарын 11-ны өдөр батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтлын 73 хүнээс 48-ынх шинжилгээний хариу гарч нэг хүнээс халдвар илэрсэн байсан. Үлдсэн хүмүүсийн шинжилгээг хийж дуусгалаа. Үлдсэн хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
Нийт ойрын хавьтал 73 тохиолдлоос нэг тохиолдолд коронавирус илэрсэн байна. Энэ илэрсэн нэг тохиолдлын тандалт судалгааг үргэлжүүлэн хийж нийт одоогийн байдлаар 36 хавьтлыг илрүүлээд шинжилгээ тандалтад оруулаад байна.
Мөн Тээврийн жолооч болон түүнээс халдвар авсан дөрвөн хүний хоёрдогч хавьтал болох нийт 219 хүн, 11 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан 99 хүн, нийт 318 хүнд шинжилгээ тандалт судалгаа хийж байна. Одоогийн байдлаар 219 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжлэн хийгдэж байна” гэлээ.
Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүн, хадам ээж болон дүүгээс нь Covid-19 илэрсэн. Харин өнөөдөр дахин нэг хүнээс Covid-19 илэрч тээврийн жолоочийн ойрын хавьтлын батлагдсан тохиолдол тав болоод байна.
Л.Баяр