Санхүүгийн зохицуулах хорооноос дараах зөвлөмжийг гаргасан байна.
Шинэ төрлийн коронавирусний халдвар Монгол Улсад голомтлон гарсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас эхлэн тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо.
Халдвар эрчимтэй тархаад буй энэ үед Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын байгууллагууд Та бүхэн халдварт өвчний эрсдэлээс албан хаагчдаа хамгаалж, халдварт өвчин, хорио цээрийн улмаас зах зээлд үүсээд буй хүндрэлийг даван гарах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан чанд мөрдөж ажиллах, “Харвардын бизнесийн тойм”, АНУ-ын “Халдварт өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв”-өөс гаргасан халдварт өвчлөлийн үед бизнес, санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх зөвлөмжийг биелүүлж ажиллахыг зөвлөж байна.
БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НАРИЙН ТӨЛӨВЛӨХ
Бэлэн байдлын болон хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулан түүнийг хариуцан хэрэгжүүлэх ажилтныг бэлтгэж, томилох, төлөвлөгөөг турших, тогтмол сайжруулан, мөрдөж ажиллах, түүнчлэн ажиллагсдын цалин, хангамжийг тасалдуулахгүй байх;
Хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээг тасралтгүй байлгах үүднээс бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хүргэх суваг тус бүрээр эрэлтийг таамаглан, байгууллагын санхүүгийн төлөвлөгөөг шинэчлэн мөрдөж ажиллах;
Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан эрсдэлд орох хамгийн өндөр магадлалтай бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагааг тодорхойлон тэдгээрийн эмзэг байдлыг үнэлэн учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хамгийн бага зардлаар даван гарах төлөвлөгөөг боловсруулж, мөрдөж ажиллах мөн халдварт өвчин тархан, хорио цээрийн дэглэмд шилжсэнээс шалтгаалан бизнесийн үйл ажиллагаа нь доголдон, орлогын эх үүсвэр нь тасалдаж буй үйлчлүүлэгчдийг тодорхойлон тэдэнд хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний бодлогодоо анхаарал хандуулах;
Өвчлөлийн тархалт, цар хүрээ, түүний нийгэм, эдийн засагт учруулж буй хохирол, төрийн эрх бүхий байгууллагуудаас гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас цаг алдалгүй, тогтмол авч бизнесийн үйл ажиллагаагаа төлөвлөх;
Яаралтай, шуурхай нөхцөл байдал үүссэн үед холбоо тогтоох дэд бүтцийг бүрдүүлэн, шаардлагатай холбоо барих мэдээллийг бүртгэлжүүлж, тогтмол шинэчлэн ажиллах;
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД БОЛОН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
Олноор цуглах арга хэмжээ, хурал, зөвлөгөөн, үйл ажиллагааг хойшлуулах, теле хурал зохион байгуулах, ажиллагсдыг зайнаас ажиллуулах бодлогыг баримтлах, ажлын цагаа уян хатан болгох, шаардлагатай тохиолдолд боломжит хэлбэрээр цалин, мөнгөн тэтгэмжээр туслалцаа үзүүлэх;
Харилцагчид, хөрөнгө оруулагчид, үйлчлүүлэгчидтэй интернэт, гар утас ашиглан зайнаас холбогдож ажиллах боломжийг бүрдүүлэх, зайнаас харилцаж буй тохиолдолд үйл ажиллагааны мэдээллийн урсгалыг сайжруулах, харилцагчдад тогтмол мэдээлэл хүргүүлэх;
Ажиллагсдыг хүн олноор цугласан, эрсдэл өндөртэй бүс нутгаар аль болох зорчуулахгүй байх, нийтийн тээвэр ашигладаг ажиллагсдадаа байгууллагын тээврийн хэрэгслээр үйлчлэх, эрсдэл өндөртэй бүс нутгаас ирсэн ажиллагсдад түр чөлөө олгон тусгаарлах;
Ажиллагсдын дунд өвчний шинж тэмдэг илэрсэн, ажлын байран дээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
Ажлын байрны эрүүл орчинг чанд сахин, ажиллагсдыг шаардлагатай ариутгагч бодис, амны хаалт, үнэн зөв мэдээллээр тогтмол хангах, эрүүл мэндийн болон бусад заавар, зөвлөмжийг цаг тухайд нь хүргүүлэх, тэдгээрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулах, хяналт тавих;
Ажиллагсад, үйлчлүүлэгчид, харилцагчдын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, тэдгээрт шаардлагатай эх үүсвэрийг тасалдуулахгүй байх тал дээр анхаарал хандуулах;
Бэлэн мөнгөний гүйлгээ, бэлэн мөнгөөр хийгдэх бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалзах;
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАН ОЛОН НИЙТИЙН САЙН, САЙХАН БАЙДАЛД ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
Өөрийн байгууллагад хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлагын талаар бусадтай хуваалцах, олон нийтэд мэдээлэх, уриалах;
Төрийн эрх бүхий байгууллагууд, шийдвэр гаргах түвшний байгууллагуудтай нягт хамтран ажиллах, тэдгээрийн шаардсан мэдээ, мэдээллийг шуурхай, үнэн зөв гарган өгөх, хүндрэлийг даван гарахад бүх талуудын оролцоо чухал гэдгийг ухамсарлан, нийгмийн хариуцлагатайгаар хүчин чармайлт гарган ажиллах;
Өвчлөлийн эрсдэл, түүнээс үүдэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр өндөр хүчин чармайлт гарган ажиллаж буй байгууллагууд, албан хаагчдад туслалцаа үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн болон бусад хэлбэрийн тусламжийг үзүүлэх, тэдгээрт шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай хүргэхийг зөвлөжээ.