Тусгаарлалтаас гарснаас дөрвөн хоногийн дараа Коронавирусийн халдвар илэрсэн ачаа тээврийн жолооч Д болон түүний эхнэрээс халвар илэрч, Монгол Улс дотооддоо Ковид-19 халдвар алдсан таван ч тохиолдол бүртгэгдээд байна. Энэ энэхүү цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас шинэ коронавируст цах тахлын тархалтыг дотооддоо хумих зорилготойгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, тав хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байна.
Дотоодод анх халдвар тараасан гэгдэж байгаа жолооч Д-ийн хувьд сэтгэл зүйн хямралтай, айж, тэвдсэн байдалд байгаа талаараа ЗИНДАА.МН / Ярилцлагыг линк дээр дарж унших боломжтой/ сайтад ярьсан байна.
Иргэн Д хилээр орж ирээд шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан байна. Үүнээс хойш тусгаарлалтад байхдаа гурван удаа шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тухай яриандаа дурьдсан байна.
Тэрбээр “Би мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийн дагуу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гараад байж байтал дөрөв хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 9-ний орой над руу ХӨСҮТ-өөс холбогдож, “Дахин шинжилгээ авна, та гэрээсээ гарч болохгүй шүү” гэж сануулсан. Ингээд гэрт ирж эхнэр, хоёр хүүхэд, надаас шинжилгээ авсан. Арваннэгдүгээр сарын 10-ны шөнө 01:00 цагийн үед холбогдож, “Таны болон эхнэрийн чинь шинжилгээний хариу эерэг гарсан” гээд шууд ХӨСҮТ-д тусгаарласан. Харин хүүхдүүдийн маань шинжилгээний хариу сөрөг гарсан ч өөр харах хүн байхгүй, бас бага насны хүүхдүүд учраас одоо хамтдаа ХӨСҮТ-д тусгаарлагдаад байж байна. Хүүхдүүдээ авчрахаас өөр арга байсангүй” гэжээ.
Иргэн Д-ийн хувьд “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байхдаа халдвар авсан байж магадгүй гэсэн таамагтай байгаа бөгөөд мэргэжлийн байгууллага, эмч нарын дүгнэлтээс бүх зүйл тодорхой болох болов уу гээд хүлээж байна гэдгээ илэрхийлсэн байна.
Түүнийг хамгийн их эмзэглүүлж байгаа асуудал “Би ямар ч хүнд өвчин туссанаас илүү улс даяараа ийм байдалд хүрч байгаа нь надад үнэхээр хэцүү байна. Би бүх зүйлийг надад тавьсан шаардлагын дагуу хийж ирсэн. Тэгэх ч үүрэгтэй. Тусгаарлагдаж байх хугацаандаа гурван удаа шинжилгээ өгсөн, бүгд сөрөг гарсан. Ингээд УОК, ХӨСҮТ-ийнхэн намайг тусгаарлалтаас гарч болно, эрүүл гэсэн болохоор би өөрийгөө эрүүл, олон нийт дундаа очиход асуудал, бэрхшээл байхгүй л гэж бодсон. Би үнэхээр өөрийгөө халдвар авсан гэж бодоогүй.
Одоо миний хувийн мэдээлэл цахим орчинд маш хурдацтайгаар тархаж байна. Овог нэр, регистрийн дугаар гээд бүх мэдээлэл зурагтайгаа ил гараад явж байгаад хувь хүний хувьд маш их эмзэглэж байна. Намайг нийгэм даяараа үзэн ядаж байгаа болов уу, эндээс эдгээд гарсны дараа хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас намайг вирус туссанаас илүү айлгаж байна. Хүмүүс бүрэн эдгээд гарсны дараа юу гэх бол… Үнэхээр хэцүү шүү дээ. Надад яг одоогоор биеийн зовиур бол алга. Сэтгэлийн зовиур л их байна. Цааш нь ингээд ярихад ч хүнд байна” хэмээн ярьсан байна.
Б.ИРЭЭДҮЙ