Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр; Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
Хөтөлбөр нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилготой юм.
Энэ хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацаас 120 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм. Гурван жилийн хугацаатай дээрх хөтөлбөрийн хүрээнд бодлогын 29 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.