Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүүний үнэ өссөнтэй холбогдуулан хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Хяналт шалгалтын ажлыг МХЕГ, ГЕГ, ТЕГ, ШӨХТГ, НОБГ-ын хамтран СҮҮ ХК, “Талх чихэр” ХК, “Алтан тариа” ХХК, “Өгөөж чихэр боов” ХХК-уудад хийсэн байна.
Шалгалтаар:
1.”Алтан тариа” ХХК 2020.07.31-ний өдрөөс гурилын үнээ ангилал төрлөөс хамаарч нэг кг тутмыг 50-100 төгрөгөөр
2.”Талх чихэр” ХК 2020.09.01-ний өдрөөс 20 төрлийн талхны үнийг талхны төрлөөс нь хамааран 100-500 төгрөгөөр
3.”Өгөөж чихэр боов” ХХК 2020.08.17-ний өдрөөс өөрийн үйлдвэрлэдэг 148 нэр төрлийн талх, нарийн боовны үнийг 50 төгрөгөөр
4.СҮҮ ХК 2020.09.01-ний өдрөөс Миний монгол сүүний үнийг 100 төгрөгөөр тус тус нэмсэн байна.
Иймд цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед шилжүүлсэн үед дээрх хүнсний үйлдвэрлэгч компаниуд нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нь гамшгаас хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 78 дугаар тогтоолд заасан “Хуулийн этгээд нь гамшгийн үед бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх, үнийг тогтвортой байлгах” гэсэн үүргийг биелүүлж ажлаагүй тул холбогдох арга хэмжээг авсан. Мөн үнийг бууруулах албан шаардлагыг хүргүүлж ажилласан хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газрын улсын ахлах байцаагч А.Батмөнх мэдээллээ.