ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн түүхэн ойн өдөр буюу 2020 оны тавдугаар сарын 06-нд Монгол Улсын иргэн өдгөө 98 настай, Сүрэнхорлоогийн Цэгмидийг Ард түмнүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, тус улсын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан.
Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов дээрх нэр хүндтэй шагналыг Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх, ухаан соёлын төвд болж “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа.
Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэсэн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг “Фронт” С.Цэгмид тухайн үед Свердловскийн галын шугамд хуваарилагдан, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тэнд найман өдөр газар доорх нуувчинд байрлан цэргүүдэд тараасан юм.
Тухайн цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсан ахлан 1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос хөдөлж, 12 дугаар сарын 5-нд Москвад очин улмаар 217 вагон бэлгийн зүйлээ дөрөв хуваан, цуваа дөрвөн хэсэгт хуваарилагдаж байжээ. Мөн “Фронт” С.Цэгмид Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэн өгөхөд байлцаж, үг хэлж байсан юм.
Ташрамд дуулгахад, ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г нийт 1212 хүнд гардуулсан бөгөөд үүнээс (ТУХН-ийг эс тооцвол) гадаадын 13 орны 40 иргэн дээрх одонгоор шагнагджээ.