Есөн настай охин бусдын гарт, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх хэргээс улбаалан өчигдөр /2020.09.22/ -ны өдөр “Лантуун дохио” ТББ-ын залуус “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай” хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг эхлүүлж, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтыг зохион байгуулагч Ч.Ганжавхлан хэлэхдээ “Хууль тогтоомжийг буруутгах биш чи өөрөө яг юу хийсэн юм гэдэг асуулт үүсэж байна. Өнөөдөр бид өөрсдөө араатан болж хувирчээ. Тиймээс иргэний хяналт оролцоог сайжруулах алхам хийх хэрэгтэй. Дэлхийд хүчирхийллийн эсрэг бодитой тэмцсэн нэг л тод жишээ бий. Иргэний хяналт оролцоо. Энэ нь та, чи, би, бүгд хүн байж хөршүүддээ анхаарал хандуулж, хүчирхийллийг мэдээлэх чухал оролцоо юм. Хүчирхийлэл үйлдсэн 40 настай эрэгтэй хоёр настай хүүхэд байсан. Тэр хүүхэд байхдаа хүчирхийлэгч байгаагүй. Харин нийгэм түүнийг хүчирхийлэгч болгосон байх. Тиймээс хүүхдийн хамгийн эхний боловсрол болох гэр бүлийн боловсрол дутуугаас хүүхдийг хүчирхийлэгч болгох шатанд хүргээд байна. Бид Далан давхрын нэг хөндийг дүүргэх хэмжээний хүүхдүүдээ нэг жилийн дотор хүчирхийллээр алджээ. Өнөөдрийн цуглаанаар бид эхлээд хүн байх, иргэний хяналт оролцоог нэмэгдүүлэх найман алхмыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Л.Баяр