Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүст цахим хяналт тавих, зорчих эрхийг нь хязгаарлаж, түүнийгээ техникийн тусламжтайгаар хянах, нийгэмшиж, гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн талаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өгсөн билээ.
Засгийн газрын дээрх тогтоолтой холбоотойгоор хуульч Б.Мэргэн дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаараа хуваалцсан байна.
Тэрбээр “Зорчих эрхийг хязгаарлах нь 2015 онд батлагдаж 2017.07.01-ээс хэрэгжсэн Эрүүгийн хуульд шинээр оруулсан ялын төрөл. Бусад улсад бол хэрэглэгдээд олон жил болж байгаа. Хэрвээ санаж байгаа бол Ant man 2 дээр гол дүрийн нөхөр гэртээ хоригдох ял авчихаад хөлдөө төхөөрөмж зүүсэн байдаг даа.
Тэгээд гэрээс гарсан чинь дохиолол нь ажлаад цагдаа ирэхээс өмнө харих гэж бөөн юм болдог. Учир нь хэрэв зорчихыг зөвшөөрсөн хязгаарлалтаас нь гараад явчихвал шууд хорих ялаар сольдог юм. Манайд ч тэр зарчмаар хуульд тусгасан. Яагаад зорчих эрх хязгаарлах гэж байна гэхээр шүүхээс байх газрынх нь хязгаарыг нь тогтоож өгөх юм.
Гэрээс гарахгүй байх, зөвхөн ажил гэр хоёрын хооронд явах гэх мэт. Зарим улсад бүр ариун цэврийн өрөөгөөр хүртэл хязгаарладаг юм гэсэн. Ингэснээрээ улсын төсөв хэмнэх, ялтныг хорилгүйгээр нийгэмд нь байлгаж хариуцлага хүлээлгэх, гэр бүл хамтдаа байх гэх мэт олон давуу талтай. Мэдээж гэмт хэрэг ял 2 тохирсон байх учиртай тул хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол барагдуулаагүй зэрэгт илүүтэй хорих ялыг хэрэглэнэ.
Манай улс төхөөрөмж авах төсөв батлахгүй байсаар 2021 оноос хэрэгжихээр болж байна. Уг нь бол заавал үнэтэйг авах шаардлагагүй. 50 мянга дотор ч олддог юм билээ. Зарим улс үнэтэйг хэрэглэдэг бол зарим нь зориуд хямдыг хэрэглэдэг. Учир нь эвдэлж гэмтээвэл хорих ялаар солих болохоор ялтан ус оруулахаас болгоомжлох зэргээр нөгөөхөө нүдний цөцгий мэт хайрладаг. Бас нэг хүмүүжил юм уу даа хэхэ.
Хэрэв эртхэн энэ төхөөрөмжөө авсан бол ковидын үеэрх гэрийн хориондоо ч ашиглах боломжтой эд байлаа. Яг гэртээ байгаа эсэхийг бүрэн хянаж чадахгүй байсан гэж ойлгосон” гэжээ.