2020 оны хагас жилийн банкны салбарын тоймыг Монголын банкны холбооноос танилцууллаа. Ковид-19 цар тахлаас сэргийлэхийн тулд зайлшгүй хэрэгжүүлсэн хөл хорио, хилийн боомтуудыг хаасан нь уул уурхай, худалдаа, тээврийн салбарт хүндрэл учруулснаар эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 9,7 хувиар буурчээ.
Энэхүү бууралт нь банкны салбарт нөлөөлж, хоёрдугаар улирлын зээл олголт 11 хувиар багассан байна. Мөн харилцах дансны үлдэгдэл хагас жилийн байдлаар 9 хувь буурч, иргэдийн орлого багассантай холбоотойгоор хадгаламж барьцаалсан зээл олголт гурван хувиар өсчээ.
Түүнчлэн хадгаламжийн хүү түүхэн доод хэмжээ буюу 11 хувьд хүрсэн байна.
Өнгөрсөн оны эцсээс эдийн засаг удааширч, экспорт саарах, сонгууль зэргээс шалтгаалан иргэд, байгууллага хадгаламжаа долларт хөрвүүлэх нь ихсэж, нийт хадгаламжийн 29 хувь нь валютынх болжээ.