Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын захиргаатай онлайн видео хурлыг энэ сарын 26-нд зохион байгууллаа.
Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтууд, тэдгээрийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Тухайлбал, 2020 оны наймдугаар сарын 17-ний өдрөөс эхлэн Хятадын талд хонож эхэлсэн тээврийн жолооч нарын хоноглох байрны нэг өдрийн зардал 270 юань байсныг Гашуунсухайт-Ганцмод боомтод 180 юань, Шивээхүрэн-Сэхээ боомтод 160 юань болгон бууруулахаар болсон байна.
Мөн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг цайны цаггүй ажиллуулах асуудлыг хоёр тал зөвшөөрч, мөрдөж эхлэх хугацааг ойрын үед тохирч эхлүүлэхээр болов.
Цаашид Ганцмод-Гашуунсухайт, Сэхээ-Шивээхүрэнгийн боомтуудад жолооч нараас авсан нуклейн хүчлийн (Ковид-19) түргэвчилсэн шинжилгээний хариуг хоёр талдаа, хязгаарлалтын бүсэд 72 цагийн хугацаанд харилцан хүлээн зөвшөөрөх боломжийг судлах талаар МХЕГ-ын төлөөлөлтэй зөвлөлдсөн юм. Хоёр улсын шинжилгээний тоног төхөөрөмжүүд ДЭМБ-аас гаргасан шаардлагад нийцэж байвал, тус тусын мэдээллийг солилцож шийдвэрлэхэд талууд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: ГЕГ