Японы Ерөнхий сайд Шинзо Абэ биеийн эрүүл мэндийн байдлаас болоод ажлаа өгөх гэж байна гэж Японы олон нийтийн телевиз мэдээллээ. Японы Засгийн газрын тэргүүн шийдвэрээ гаргачихсан. Удахгүй тусгай хэвлэлийн бага хурлаар энэ тухайгаа зарлана гэж байна.
Шинзо Абэ үнэхээр ажлаа өгчихвөл эрх баригч Либерал ардчилсан нам шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг парламентаар оруулж батлуулна. Одоогийн байдлаар Либерал ардчилсан нам болон холбоотнууд нь үндэсний парламентын хоёр танхимд хоёуланд нь олонхын суудалтай учраас Засгийн газрын шинэ тэргүүнийг сөрөг хүчнийхний ямар нэгэн дарамт шахалтгүйгээр батлах боломжтой гэсэн үг.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа эмнэлэгт хандаж, шинжилгээ өгсөн нь эрүүл мэндтэй нь холбоотой шуугиан дэгдэхэд хүргэсэн юм.