Эрүүл мэнд яам мэдээлэл хийлээ. Энэ удаад улсын хэмжээнд наймдугаар сарын 17-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Наймдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд нийт 586 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч, сувиллын ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүн 27, 28 настай энхийг сахиулагч байна. Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан байна. Үүнээс 278 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 20 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна. Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 49, гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан” гэлээ.
Л.Баяр