Засгийн газрын шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ долоо хоногийн гурван өдөр танхимын, хоёр өдөр зайн сургалт явуулахаар болсон. Улмаар сургуулиуд өдөрт хоёр цагаар дөрвөн ээлжээр хичээллэх хуваарийг БШУЯ-наас гаргаад байгаа юм.
Энэ нь нэг ангид олон хүүхэд төвлөрүүлэхгүй байх шийдэл юм.
Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “11 дүгээр анги 08.00 цагт хичээл нь эхэлсэн бол аравдугаар анги 08.10 цагт хичээллэх боломжтой. Энэ дадлыг зөв эхлүүлчихвэл хичээл хоцрогдолгүй байна. Мөн эцэг, эхчүүд эрсдэлтэй гэж үзэж байгаа бол хүүхдүүдээ танхимын сургуульд явуулахгүй, цахимаар сургалтанд явуулж болно. Зайнаас сурснаа бататгаад, дүнгээ тавиулаад, тооцуулаад явах боломжийг олгох болно. Ачаалал хэт өндөртэй төвлөрсөн сургуулиудын хичээллэх өдрийн тоог хасах, хичээлийн тоог бууруулах туршилтыг хийхээр болсон. Жишээ нь, 11 дүгээр анги 08.00 цагт хичээл нь эхлээд 13:30 цагт тардаг бол шинэ зохицуулалтаар нэг ангийн 40 хүүхэд хоёр хуваагдаж эхний групп 08.00-10.30 цагийн хооронд, дараагийн групп 11.00-13.30 хүртэл хичээллэнэ. Өөрөөр хэлбэл нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд байна. Магадгүй зургаадугаар ангийн хүүхдүүдийг теле хичээлээ үзсэн мэдлэгийн түвшингээр 20, 20-иор нь хуваагаад тухайн хүүхдүүдэд таарсан арга зүйг мэргэжлийн багш нар нь хийнэ” гэсэн юм.
Түүнчлэн Бага ангийн сурагчдад монгол хэл, математикийн хичээлд суурилж танхимын хичээл орно.
Дунд болон ахлах ангид монгол хэл, математикийн хичээлд суурилж, байгалийн ухаан, хими, физик, биологи, түүх, нийгмийн ухаан, эрүүл мэндийн хичээлийг сонгон судалж тодорхой цагаар орно. Тухайлбал, батлагдсан сургалтын төлөвлөгөөн дээр математикийн хичээл дөрвөн цаг байсан бол хоёр цаг болгоод, эрүүл мэнд хоёр цаг байсан бол нэг цаг болгох, биологи нэг цаг байсан бол 30 минут болгох зэргээр зохицуулалт хийх аж.
Харин хүүхдээ танхимын сургалтад хамруулахыг хүсэхгүй бол цахимаар сургах боломжтой юм. ЕБС-ийн хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам.