Есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан өөрсдийнхөө төлөвлөгөөг өөрчилж, Монгол руу буцахгүйгээр байгаа газраа хичээл сургуулиа үргэлжлүүлэхээр болсон оюутнууд secretary@embassyofmongolia.co.uk имэйл хаягаар яаралтай мэдэгдэхийг Лондон дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхааруулжээ.
ЭСЯ энэ оны наймдугаар сарын 21 болон 26-ны өдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгүүдэд хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж УОК-ын Шуурхай штабт өнөөдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.
Британи, Ирланд, Исландад түр хугацаагаар зорчиж байгаад саатсан, нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг ЭСЯ энэ оны гуравдугаар сараас хойш үргэлжлүүлэн хийжээ.
Энэ хугацаанд нийт 515 иргэн эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлснээс УОК-ын шийдвэрийн дагуу өмнөх таван удаагийн тусгай үүргийн нислэгт нийт 199 иргэн хамрагджээ. Харин өнөөдрийн байдлаар 316 иргэн үлдээд байгаа юм.