Сайхан бүсгүй Исраа Себлани Сайфи төв талбай дээр хуримын ёслолын даашинзтайгаа баярын өдрийнхөө аз жаргалтай мөчийг дүрс бичлэгт үлдээхээр зогсож байлаа. Сүйт бүсгүй камер луу инээмсэглэн зогсож байх яг энэ мөчид маш хүчтэй дэлбэрэлтийн долгион дайрч, гэрэл зурагчин, зочид бүгд сандралджээ.
Боомтод болсон энэ дэлбэрэлт 150-аад хүний аминд хүрч, 5000 гаруй хүн шархдаж, 300 мянган гаруй айл өрх орон гэргүй хоцорсон. АНУ-д ажилладаг, эмч мэргэжилтэй Исрагийн хувьд баярынхаа энэ өдөр аюулгүй газар толгой хоргодъё гэсэнгүй, шууд л шархадсан хүмүүст туслахаар ажиллаж гэнэ. Маргааш нь л нөхөр, Бейрутын бизнесмэн Ахмад Субейхтэйгээ юу болоод өнгөрснийг тунгаан бодохтойгоо болжээ.
“Би энэ чухал өдөртөө хоёр долоо хоногийн турш бэлдсэн. Энэ өдөр охид яаж баярладаг вэ, түүн шиг л би аз жаргалтай байсан. Яагаад гэвэл би нөхөрт гарч байна шүү дээ. Эцэг эх маань ч намайг цагаан даашинзтай зогсож байгааг хараад аз жаргалдаа умбаж байлаа.
Би яг л гүнж шиг харагдаж байсан. Дэлбэрэлтийн үед болсон явдлыг тайлбарлаж хэлэх үг ч алга. Би үнэхээр цочирдоод, ингээд би үхэж байгаа хэрэг үү, ийм өдөр үхэж болдог юм уу л гэж бодсон” хэмээн ярьжээ.
Исраа Мичиган мужаас Бейрутад гурван долоо хоногийн өмнө ирж, хуримдаа бэлтгэжээ. Түүний нөхөр Ахмад ч өдгөө цочролд орсон байдалтай байна. Тэд өмнө нь хэзээ ч энэ дэлбэрэлт шиг аймшигтай дуу сонсож байгаагүй гэнэ.
“Ливаны бусад хүмүүст болсон явдлыг бодохоор л уй гунигтай байна. Би сэргээд, Бейрутад болсон зүйлсийг хараад нэг л зүйл хэлсэн. “Бурхны аврахаар бид амьд байна” гэж” хэмээн бүсгүй өгүүлжээ.
Түүний нөхөр Ахмад эхнэр дээрээ очиж амьдрахын тулд АНУ-ын виз хүлээж байна. Бурхан тэр хоёрыг амьд үлдээсэн болохоор залуу хос эрч хүчтэй, өөдрөг байхыг хичээж байгаа гэнэ.