УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос ХНХЯ-тай хамтран Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, Политехник коллежийн удирдлагууд, ХНХЯ-ны мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, “МСҮТ-ийг төрөөс дэмжин, төсвийг жил бүр нэмж, өнөөдрийн байдлаар 90-100 тэрбум төгрөг болсон.
Гэсэн хэдий ч МСҮТ-ийн төгсөгчдийн чадвар, багш боловсон хүчний чадавх хөдөлмөрийн зах зээл, Монгол Улсын хөгжлийн бодлого, Үйлдвэржилтийн бодлого зэрэгтэй төдийлөн уялдахгүй, хөгжихгүй байна. Иймээс хөгжлийн бодлоготой уяж МСҮТ-ийн бодлого, үйл ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй.
УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ирэх 4 жил 150 мянган ажлын байрыг бий болгох тухай тусгасан. Үүнийг ажил хэрэг болгохын тулд мэргэжлийн боловсролын салбарт хууль эрхзүйн асуудлыг тодорхой болгох ёстой. Нийгмийн бодлогын байнгын хорооны нэн түрүүний ажил энэ салбар байна” гэв.
ХНХЯ-ны мэргэжлийн боловсролын сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа илтгэлдээ Мэргэжлийн боловсролын сургалтын тухай бие даасан хууль 2002 онд батлагдан гарсан.
Одоо уг хуулийг шинэчилсэн найруулгын төвшинд өөрчилж чадвал, салбарын хөгжилд саад болоод буй томоохон асуудлууд цэгцрэх ёстойг дурдлаа. Мөн мэргэжлийн боловсролын салбарыг төрөлжүүлэх, бүсчлэн хөгжүүлэх, чанарын баталгаажилтын асуудал, салбар дундын уялдаа холбоог сайжруулахад анхаарах асуудлууд байгааг хэллээ.
Орон нутгийн МСҮТ-ийн удирдлагууд энэ салбарт эрс шинэчлэл хэрэгтэй. Нийгмийн бодлогын байнгын хороон нэн түрүүний ажлаа тус салбараас эхлэх гэж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
Цаашид бүс нутгийн бодлоготой уяж орон нутгийн иргэдийг ажилтай орлоготой болгох, МСҮТ-ийн санхүүжилтийг зөвхөн төсөв хардаг биш өөрсдийгөө санхүүжүүлэх, үнэлэмжээ нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах боломжийг хуулиар нээж өгөх тухай саналууд хэлж байлаа.
Мөн коронавирусийн халдварын үед гаднаас боловсон хүчин авах боломж хомс байна. Үүнийг боломж болгон МСҮТ, Политехник коллежууд идэвх санаачилгатай ажиллаж ойрын хугацаанд мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, хаана ямар мэргэжилтэн дутагдалтай байгааг яаралтай судлан, ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор төсөв санхүүжилтийн саналыг хэллээ.
Мөн уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баярсайхан оролцож үг хэллээ. МСҮТ-д насанд хүрээгүй хүүхдүүд элсдэг. Насанд хүрээгүй хүүхдүүдэд боловсрол олгох, мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь МСҮТ-ийн онцлог.
Иймээс ганц мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна гэх утгаар хандах биш хүүхдүүдтэй харьцаж, хүүхэд хүмүүжүүлж байгаа гэх утгаар багш боловсон хүчнийг онцгой анхаарах ёстой гэлээ.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ирэх жилүүдэд газрын тосны үйлдвэр, төмөр зам, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлийн боловсруулах үйлдвэрүүд зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийнэ. Энэ мега төслүүдэд мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэн нийлүүлэх нэн түрүүний зорилт, үүнд салбар хоорондын уялдаа холбоо чухал болохыг уулзалтын төгсгөлд онцоллоо.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс