Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудтай уулзлаа. Тэрээр эмнэлгийн удирдлагуудад хандаж ард иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад үүсдэг төвөг чирэгдлийг арилгаж, түргэн шуурхай хүндрэл багатай үйлчлүүлэх дэд бүтцийг бий болгох нь чухал байгааг хэллээ. Ялангуяа нийслэлийн захын дүүрэг, алслагдсан аймаг сумаас ирж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авах гэсэн иргэдэд тулгарах хүндрэл их байна. Тухайлбал эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө эрт ирээд дараалалд зогсдог. Тухайн өдөртөө үзүүлэх цаг нь дуусчихвал маргааш нь ахиад ирж дараалалд зогсдог.