Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод орсон их хэмжээний усархаг бороонд Сүхбаатар дүүргийн дүүргийн 18, 20 дугаар хороо бүхэлдээ автаж, 20 дугаар хороонд долоон айл үерт гэрээ алджээ.
Мөн 18 дугаар хорооны 48, 49 дүгээр гудамжны айл өрхүүдийн гэр хашаа жалганаас урсаж ирсэн бохир усаар дүүрч, үерийн усанд урсаж ирсэн хог хаягдал гудамжуудад бөөгнөрчээ.
Энэ асуудлаар иргэд Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүддээ ханджээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нар иргэдийн хүсэлтийн дагуу Хотын менежер Т.Гантөмөртэй хамт газар дээр нь ажилласан байна.
Олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас эвдэрч сүйдсэн, эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байршлуудад газар дээр нь шаардлагатай арга хэмжээг авч зарим айл өрхийн бохирыг соруулж, хөрсийг ариутгах, хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх орчим уулын ам учраас аадар бороо орох бүрт үер бууж, иргэд өмч хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар ирлээ. Энэ асуудлыг тоохгүй өнгөрч болохгүй юм. Өнөөдрийн арга хэмжээ бол түр зуурынх. Цаашид бид иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дэд бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай гэж харж байна. Энэ жил хур их буух төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс нэн тэргүүнд бид үер усны аюулаас хамгаалах томоохон далан, суваг барьж байгуулах ажлыг судлах саналыг Улаанбаатар хотын удирдлагуудад хүргүүлэхээр ажиллаж байна. Мөн шинээр суурьших айл өрхөд зөвшөөрөгдсөн бүсээс бусад хэсэгт газар олгож, суурьшуулахгүй байх нь чухал байна. Уг асуудлыг судалж, хууль тогтоомжийн зөрчилтэй асуудлыг шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад уламжилна” гэжээ.
Бороо орсноос хойш долоо хоног өнгөрч, хугацаа алдсан хэдий ч гудамж, талбайд хуримтлагдсан хогийг ачих, айлуудын бохир усыг соруулах ажлыг Ус сувгийн удирдах газар, ТҮК-ийн ажилтнууд хийж, гүйцэтгэжээ. Цаашид учрах эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар Улаанбаатар хотын Захирагчийн албаны Шуурхай ажлын хэсэг, Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүд хороо, дүүргийн удирдлагуудтай ярилцаж, тоглоомын талбайг үерийн амнаас хол, өөр байршилд сэргээж барих, үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, дахин үерт өртөхөөс хамгаалж, урсацыг өөрчлөн, үерийн ус зайлуулах хоолойг барих ажлыг судалж, шийдвэрлэхэд анхаарч ажиллах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарт хүргүүлэхээр болжээ.