Британийн Autoexpress хэвлэл дэлхийг өөрчилсөн машинуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад бүтээгчдийнхээ хувь тавилан, дэлхийн автын үйлдвэрлэлийн түүхэнд шүтээн болсон машинууд багтжээ. Autoexpress сэтгүүлийн жагсаалтад орсон машинууд үе үеийнхний шүтээн болж, дизайн нь дараагийн олон загваруудад давтагсан, бүхэл бүтэн брэндүүдийг дампуурлаас аврагсад байв.
Жишээ нь, Италийн Alfa Romeo. Өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр FIAT концерн санхүүгийн ноцтой хүндрэлтэй тулгарах үедээ өөрийн амь төдий байсан “охин” Alfa Romeo-гоо санажээ. Охиндоо хөрөнгө мөнгө өглөө. Хэдэн жилийн дараа 1997 онд Alfa Romeo шинэ 156 загварыг бүтээв. Итали маягийн дээд зэргийн дизайн, хурдны сайн үзүүлэлтүүд нь уг загварыг “Европын 1998 оны шилдэг автомобиль” болгосон юм.
Хэдэн арван сая италичуудыг моторт дугуйнаас дөрвөн дугуйтад суулгасан, хоёр цилиндрийн хөдөлгүүртэй, дайны дараа ядуурсан Италид “эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэгдсэн оргиналь автомобиль FIAT 500 машин жагсаалтад орох нь зүйн хэрэг.
Auto Union концерн Volkswagen-нд зарагдсаны дараа Ингольштадт хотод “ард түмний” гэгдэх VW Beetle машины нэмэлт үйлдвэрлэлийг явуулахаар шийдсэн байв. Audi 100 загвартай танилцсан VW-гийн боссууд тэр машиныг шууд үйлдвэрлэхээр болов. Энэ загвар нь Германы компанийг дэлхийн нэртэй “премиум” ангиллын седан үйлдвэрлэгч болгожээ.
Германы өөр нэг BMW компани 1975-1982 онд 3-series-ийн анхны загваруудыг зах зээлд гаргаж эхлэв. Долоон жилийн дотор 1.3 сая гаруй ийм машин зарагдсан байлаа. Тэр үед хоёр, дөрвөн хаалгатай загваруудад кабриолет нэмэгдэж, дизель хөтөлгүүр ч тавигдсан байв.
Япон үйлдвэрлэгчдийн загварууд шинэлэг технологи, асар их нэр алдраасаа болон жагсаалтад аргагүй л орж ирлээ.
1981 оны Mitsubishi Pajero машиныг өөрийн тав тух, удирдлагаараа хөнгөн гэж мэргэжилтнүүд үзэв.
Honda Civic машины 1968 оны загвар нь япон машинуудад хэдэн арван жилээр Америкийн зах зээлийг эзлэх боломжийг авчирчээ.
Дэлхийн хамгийн алдартай автомашины загварын эзэд япончуудын бүтээсэн Toyota Corolla энд нэрлэгдэлгүй яахав. Сүүлийн 40 жилийн дотор дэлхийн хэмжээнд 40 секундын дотор нэг Toyota Corolla зарагддаг гэсэн тооцоо бий.
Мөн дээрх шалтгаанаар жагсаалтад Өмнөд Солонгосын анхны нийтийн машин болох 1975 оны Hyundai Pony оров. Өнөөдөр тэр машины буянаар Hyundai дэлхийд худалдаагаараа тавд орж байна.
Мөн арав гаруй жилийн турш хамгийн ихээр худалдагдаж байгаа Ford Focus ч энэ чансаанд багтлаа. Уг машин Оросын худалдан авагчдад их таалагддаг аж.
Британичууд өөрсдийн машинаас Lotus, Jaguar, Land Rover, Vauxhal загваруудыг тэмдэглэв. Лотусийн 1995 оны Elise нэрлэгдсэн нь тэр машин мартагдаж эхэлсэн маркийг сэргээж өгсөнтэй холбоотой. Саяхнаас гарч ирсэн Jaguar XF загвар сүүлийн 20 жилд харагдаагүй орлого авчирна гэж найдаж байна. 1970 онд анх гарч ирсэн Range Rover дотоод интерьер, явалтын чадвараар үнэлэгдлээ.
Өнгөрсөн зууны 70-аад онд Ford Cortina гэх америк машиныг Их Британийн зах зээлээс шахаж чадсан хэмээн гэр бүлийн седан Vauxhall Cavalier тэмдэглэгдэв.
Тэднээс гадна шүтээн болсон Seat Ibiza, Skoda Favorit, Subaru Leone Estate, Citroen BX, Renault Megane Scenic загварууд дэлхийг өөрчилсөн машины жагсаалтад багтжээ.
Эх сурвалж: updown.mn
Бэлтгэсэн: М.ЭРДЭС