Улсын онцгой комиссын гишүүд өчигдөр зарим эмнэлгийн бэлэн байдлыг шалгалаа. Манай улсад “Ковид-19”-ийн анхны тохиолдол өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлын тоо одоогоор 261 болоод байна.
ДЭМБ-ын аргачлалаар манай эрүүл мэндийн салбарынхан халдварын тооцоолол гурван удаа, эрсдэлийн үнэлгээг есөн удаа хийсэн аж. Хамгийн сүүлд хийсэн тооцооллоор нийт хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32 760 хүн халдвар авах эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Энэхүү тооцооллын үндсэн дээр эрүүл мэндийн салбарынхан тоног төхөөрөмж, хүний нөөц, тусгаарлах байр, эм, эмнэлгийн хэрэгслээ бэлтгэн, бэлэн байдлаа хангаж буй гэнэ.
Тухайлбал, улсын хэмжээнд бүх эмнэлэг “Ковид-19”-ийн эмчилгээнд зориулан нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нэг сарын нөөцдөө 180-190 сая төгрөгийн 500 гаруй нэр, төрлийн эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл багтаасан гэнэ. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн өрөө бүр хүчилтөрөгчийн аппараттай бөгөөд шаардлагатай тохиолдолд халдвартай өвчтөнийг хүлээн авах бэлтгэлээ 2-6 цагийн дотор базаах боломжтой гэнэ.
Коронавирусийн халдвар дэгдвэл ашиглах зорилгоор Хан-Уул дүүрэгт байрлах нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан билээ. Хэдийгээр тус эмнэлгийн барилгын ажил дууссан ч одоогоор тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулаагүй тул өвчтөн хүлээн авах боломжгүй юм байна. Эл эмнэлэгт өвчтөнийг нэг нэгээр нь тусгаарлахад зориулсан 880 ор бэлджээ. Цаашлаад халдвар манай улсад голомтлон тархвал хувийн эмнэлгүүдийг ч ашиглах боломжтойг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.