Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсгийн хуралдаанаар асфальтан зам урссан асуудал дээр Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра тайлбар хийв. Тус замыг 2008 онд JGC компани хийж гүйцэтгэжээ. Бүтцийн эвдрэлд орсон 0,9 км тус автозамыг нөхөөс тавьж засварлахаас илүүтэй шүүрт худгуудыг нэмж шинээр барьж байгуулах шаардлагатай гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Төсвийн мөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт бүрийг хайрлаж хамгаалж ажиллах ёстой. Үүний тулд татварын хөрөнгөөр та бид цалин аваад сууж байгаа гэдгийг маш сайн ойлго.
Автозамын газар эвдэрсэн замуудыг нэг бүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөх ёстой. Хуулийн хэлтсээс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөсөн байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооц. Далан суваг хааж буугаад байгаа, инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг дүүргийн удирдлагуудад өгч байна. 1970 1980 онд хийгдсэн инженерийн байгууламжийг шинэчлэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар яагаад ийм зургийг батлаад явуулаад байдаг юм бэ. Газар хэлтсүүд харилцан уялдаатай ажилла. Улаанбаатар хотод өчигдөр бороо ороход Гэсэр сүм рүү Тасганы овоон дээрээс ус буусан, далан нь хаачив. Нийслэлийн Авто замын газар нэг бүрчлэн явж ажилла” хэмээлээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж ажиллахыг холбогдох албаныханд даалгав.