Улсын хэмжээнд хонин сүргийнхээ тоогоор тэргүүлдэг Архангай аймагт мал аж ахуйн гаралтай түүхий эдийг чанартай бэлтгэн нийлүүлэх, малыг эрүүлжүүлэх, нэмүү өртөг шингээж малчдын орлогыг өсгөх зорилгоор МҮХАҮТ-аас Германы ХАҮТ-тай хамтран “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа юм.
Уг төслийн хүрээнд саяхан Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл, Хайрхан сумын малчдыг оролцуулан цахилгаан хайчаар хонь хяргах, бог малын угаалга хийх дадлага сургалтыг хийлээ. Малчид цахилгаан хайчаар, аюулгүй ажиллагааны зааврын дагуу хонь хяргаж сурснаар хөдөлмөрөө хөнгөвчилж, цаг хэмнэж байгаа төдийгүй үйлдвэрийн шаардлага хангахуйц ноосны түүхий эд бэлтгэж, хяргасан хонио тэр дор нь зориулалтын бодистой онгоцонд угааж малын халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой боллоо.
Хонины ноосыг гар хайчаар хяргахад 10-15 минут зарцуулдаг бол цахилгаан хайчаар 2 минутад хяргадаг. Харин тэмээ ноослоход гараар 1 цаг болдог бол цахилгаан хайчаар 20 минут л хангалттай аж.
“Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл” нь хонины ноосыг анхан шатны хяргалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэлх бүх шатанд малчид болон үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Төслийн хүрээнд сургалт явуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ажиллах орчинг бүрдүүлэх, борлуултад санаа тавих зэргээр монгол ноосны өртөгийг нэмэгдүүлэхийн төлөөх цогц ажлууд хийгдэж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд 100 гаруй хүнийг цахилгаан хайчаар хонь хяргах сургалтад хамруулж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багт хонь хяргах, угаах төв байгуулсан байна. Үүнийг жишиг болгож орон нутаг, улсын төсвөөр 180 гаруй цэгт мал угаах ванныг суурилуулжээ.
Зуны цагт малчид хоршиж цахилгаан хайчаар хонио хярган улмаар бог малыг ариутгах ажил Архангай аймгийн малчдын дунд ийнхүү амжилттай өрнөж байна.
Эх сурвалж: МҮХАҮТ