УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүхээс Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг хойшлууллаа. Учир нь Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийн шүүх хуралдаа ирээгүй байна.
Иймд улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Х.Бат-Ялалтад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай хүсэлт шүүхэд гаргалаа.
Харин шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ялалтыг урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцэх шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн мягмар /2020.06.23/ гарагт товлолоо.
Түүнийг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.