Сонгуулийн жилүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээгээр хүмүүс бие биенээ харлуулж, буруутгасан, үзэн ядсан үг хэллэгтэй хар бараан мэдээллүүд олширдог. Тэгвэл энэ үеэр нийгэмд хүргэж байгаа мэдээлэлдээ нэр дэвшигчид, тэдний мэдээллийг түгээгчид, мэдээллийг нь боловсруулагчид хэрхэн хандах, юуг анхаарах ёстой. Мөн сонгогчид сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс ирж байгаа мэдээллийг хэрхэн яаж хүлээж авдаг талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Боловсролын сэтгэл судлалын тэнхимийн багш, дэд профессор М.Нарантуяатай ярилцлаа.
-Сонгуулийн сурталчилгааны өдрүүд эхэлж байна. Энэ үеэр хар бараан мэдээллүүд ихээр цацагддаг. Ийм мэдээлэлд сонгогчид хэрхэн яаж, хандвал зохилтой юм бол оо?
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй сонгуультай холбоотой мэдээлэлд сонгогч хэрхэн хандах нь тэрхүү мэдээллийг хэрхэн ойлгож байна вэ? гэдэгтэй шууд холбоотой. Яригдаж байгаа асуудлын талаарх иргэдийн ойлголт, мэдлэг их чухал. Ойлголттой хүний зан байдал нэг өөр, огт ойлголтгүй хүний хариу үйлдэл бас л өөр. Нөгөө талаар бид тодорхой нэр дэвшигчтэй холбоотой мэдээллийн тухай ярьж байгаа тохиолдолд нэр дэвшигчийн талаар бодит мэдээлэлтэй байхын хэрээр сонгогчийн хандлага оновчтой байна.
-Сонгогчид шийдвэрээ хэрхэн гаргадаг вэ? Энэ талаар Та хэрхэн зөвлөх вэ?
-Тодорхой хүний явуулсан үйл ажиллагаа, хийсэн хэргийн талаарх мэдээлэл баталгаагүй, нотолгоогүй нөхцөлд яригдаж байгаа асуудлаар тодорхой ойлголтгүй иргэд ухаж, лавлаж, асууж судлахаасаа илүүтэй, сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг.
Хүний шийдвэр гаргалт нь 2 үе шаттай явагддаг. Эхлээд мэдрэхүйгээр дамжин орж ирэх мэдээлэлд үүссэн мэдрэмж дээр суурилсан анхдагч синтез хийгдэх ба хэсэг хугацааны туршид хувийн туршлага, орчны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дүнд шийдвэрээ гаргадаг.
Сэтгэлийн хөдөлгөөн бол тухайн хүний хэрэгцээ, зорилготой хэр нийцэж байгаагаас хамаарч үүссэн эерэг сөрөг мэдрэмжийн илрэл юм. Олон улсын судалгаануудад, сонгогчдын 9/10 нь сонгууль эхлэхээс өмнө сонголтоо хийсэн байдаг гэж дүгнэсэн байдаг [Leighton, D.C.; Brandt, M.J.; Kennedy, L.A.,2016] .
Энэ талаар сэтгэл судлалын шинжлэх ухаанд ялгаж тайлбарласан байдаг. Сонгуулийн сурталчилгааны үр дүнд хоёр төрлийн шийдвэр гаргалт хийгддэг. Улс төрийн сэтгэл судлалын үүднээс тухайн хүний үзэл баримтлал, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй холбоотой, нарийн мэдээлэл дээр үндэслэсэн сонголт байдаг бол, сонгуулийн сэтгэл судлалын үүднээс тухайн цаг үед цацагдаж буй сурталчилгааны мэдээлэлд үндэслэн хувь хүний ялгаатай шинжүүд, бусад гадаад хүчин зүйлийн дор хүн шийдвэрээ гаргадаг.
-Сонгогчид ямар мэдээллээс сөрөг мэдрэмж авах вэ?
Сонгуулийн сурталчилгааны мэдээлэл баталгаа, нотолгоо муутай байвал сонгогчдод сөрөг мэдрэмжийг бий болгож улмаар шийдвэрийг сэтгэлийн хөдөлгөөнөөр хийхэд хүргэдэг. Өргөн хүрээндээ авч үзвэл, хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ба стресс, депресст орсноор идэвхи санаачлага буурах, үгүйсгэх зэргээр зан байдалд буюу орчиндоо үзүүлэх хариу үйлдэлд өөрчлөлт орно. Энэ утгаараа сонгуулийн сурталчилгааны мэдээлэлд их болгоомжтой хандах хэрэгтэй. Сөрөг мэдрэмж нь сонгогчдын сэдэл, сэтгэлгээний бүтээлч чанарыг бууруулдаг. Энэ хэрээрээ өөрт болон бусдад үр ашиггүй, хөнөөлтэй хариу үйлдлийг үзүүлэх магадлалтай.
Сонгуультай холбоотой мэдээлэл баталгаа, нотолгоотой байх нь олон талын ач холбогдолтой. Юуны өмнө иргэддээ үнэн бодит мэдээлэл өгснөөр ойлголт зөв болж, хариу үйлдэл оновчтой, ухаалаг болно.
Өөрөөр хэлбэл тодорхой мэдээлэлгүй иргэд нийгэмд таагүй, эсвэл хувь хүний болоод бүлэг цаашлаад улсын хэмжээнд тогтворгүй байдлыг үүсгэх аюултай.
-Сонгуулиар нэр дэвшигчдийн ярьж байгаад үл итгэх хандлага бий болчихсон байна. Сонгогчид нэр дэвшигчдийн ярьж байгаа асуудлыг хэрхэн яаж хүлээж авбал зохилтой юм бол?
-Ярианы эхэнд дурьдсан. Мэдээлэлд хандах хандлага нь мэдлэг, итгэл үнэмшил, үнэлэмж дээр суурилсан байдаг. Хандлага хүний үйл ажиллагаа, үйлдлийг тодорхойлдог сэтгэцийн нийлмэл цогц шинж юм. Хүмүүсийн мэдээлэлд хандах хандлага нь тухайн хүн болон тухайн үзэгдэлд өгч байгаа үнэлгээтэй холбоотой. Тийм учраас ингэж ханд, тэгж ханд гэсэн жор байхгүй. Хүний шийдвэр гаргалт нь мэдээллийн шинжлэх ухааны үндэстэй байдал, үнэн бодит байдал, нийгмийн ач тусын төлөөх шинж, баталгаа нотолгоотой байдалтай холбоотой. Энэ бүхэн хариу үйлдлийг оновчтой болгоно. Энэ чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм л даа.
Тэгэхээр сонгогчид мэдээлэлд итгэх эс итгэх нь
1-рт, Сурталчилгаа хэр иргэдийн хэрэгцээ, хүсэл, зорилгод нийцэж байгаа. Энд нэмж хэлэхэд, сонгогчдын хувьд сонгууль улс орны өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэх магадлал, боломж, нөгөө талаар сонгогчдын эрхэмлэж байгаа нэр дэвшигч сонгогдох боломж, магадлал, өөрийн сонголт хэр оновчтой байх бол гэсэн хэд хэдэн хүчин зүйл чухал нөлөөтэй. Үүнийг мэдрэх.
2-рт, Хүн баримтад итгэдэг. Иймд, ярьж хэлж байгаа зүйл бүгд баримттай байх
3-рт, Иргэдэд хүргэж байгаа мэдээлэл нь нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхүйц тодорхой аргачлал, механизмыг танилцуулах ёстой. Нэр дэвшигчдийн ийм хандлага, чадвар нь сонгогчдод эерэг мэдрэмж төрүүлж, идэвхжүүлдэг
-Сонгууль болгоноор л сонгогчдын боловсролын асуудал хөндөгддөг. Сонгогчдын боловсрол муу байгаагаас сонголтыг зөв хийж чадахгүй байна гэх шүүмж ч нийгэмд бий?
-Асуудал нь иргэдийн боловсролд байж болох ч нэр дэвшигчдийн ёс зүйтэй холбоотой. Ёс зүй гэдэг бол сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн үйл ажиллагааны үндсэн суурь зарчим нь, шаардлага нь байх ёстой. Ёс зүй нь ил тод, тэгш, шударга, хамтын, оюунлаг мөн чанартай. Ард иргэдийнхээ сайн сайхныг эрхэмлэх, ард түмний эрх ашигт нийцсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
Ер нь ам ажил зөрөх нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд “ ухамсар ба үйл ажиллагааны нэгдлийн зүй тогтол, зарчим”-ын алдагдал, өөрчлөлт гэж үздэг. Ухамсартай буюу өөрийн ухаантай байгаа хүний ам ажил зөрөх ёсгүй гэсэн үг. Нөгөө талаас энэ бол улс төрчдийн ажлын том шалгуур, улс төрд оролцох эсэхийг шийдвэрлэх үзүүлэлт юм.
Ард иргэдийн сэтгэл зүй хэзээ тайван, амар амгалан, ухаалаг, оюунлаг шийдвэр гаргах вэ
Нэгт: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа төрийн мэдээлэл нь улс орны үндсэн эрх ашигт, иргэдийн хэрэгцээ, зорилго, амьдралынх нь чанарыг сайжруулж, эерэг нөлөө үзүүлж байгаа эсэх
Хоёрт: Ажил хэрэг болгох арга зам нь хэр оюунлаг, ёсзүйтэй, гоозүйтэй, эдийн засгийн үндэслэл, асуудлыг шийдэх арга замуудыг дэвшүүлсэн, гарч болох эерэг болон сөрөг үр дүнг нарийн тооцож, судалсан эсэх
Гуравт: Тодорхой байх, олон нийтийн сэтгэлийг хүндэтгэсэн, сэтгэлд нь нийцэхүйц мэдээлэл хүргэвэл сонгууль үр дүнтэй болно.
-Нэр дэвшигчид өрсөлдөгчдийн талаар “муу хүн шүү” гэдэг ойлголтыг өгөх мэдээллийг их цацдаг. Хэрвээ тийм мэдээллийг ихээр явуулах нь нийгэмдээ ямар нөлөө үзүүлэх вэ?
-Нийгмийн сэтгэл зүй гэдэг бол их эмзэг, зөрчилтэй байдаг тул сэтгүүл зүйн нийтлэлийн бодлого үүнийг тооцох хэрэгтэй. Тэгэхээр аливаа сурталчилгаа нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахуйц байх ёстой. Хэзээ тогтворгүй болдог талаар дээр хэлсэн. Мэдээллийн баталгаа нотолгоогүй байдал, иргэдийн үнэт зүйл, ёсзүйд нийцэхгүй үйлдэл, ажил ам зөрөх явдал.
Улстөрчдийн төрийн эрхэнд гарахын тулд нийгмийн сэтгэл зүйг үл тооцон ямар ч хамаагүй арга замыг хэрэглэж, сурталчилгаа явуулах нь нийгэмдээ асар их хөнөөлтэй. Цаашдаа хувь хүн, бүлгийн итгэл алдарч, найдваргүйн, гарцгүйн мэдрэмж төрнө. Зөрчилтэй, найдваргүй, тогтворгүй мэдрэмж нь хүмүүст сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг бий болгох ба хүн оюунлагаар сэтгэн бодож, шийдвэр гаргах чадвараа алддаг. Энэ утгаараа улс үндэстэнд их хөнөөлтэй.
Хэн нэгэн хүнийг муулах нь үр дүнд хүргэхгүй. Учир нь ярьсны хэрээр биш, явуулж буй үйл ажиллагаагаараа өөрийгөө харуулахыг хичээх нь зөв юм. Тэгэхээр нэр дэвшигчид улстөрийн үйл ажиллагаандаа хэдий чинээ сэтгэлтэй байна тэр хэрээрээ иргэдэд эерэг мэдрэмж өгнө. Тэгэхээр сэтгэлтэй байх тухай асуудал хөндөгдөнө. Сэтгэл гэж юу вэ гэхээр хүний сэтгэцийн үр дүн, боловсролын үр дүн. 1-рт, мэдлэгтэй хүнийг хэлнэ. Зөв хийх нь сэтгэл гаргаж буй хэрэг. Сэтгэлтэй хүн бусдад өөриймсөг ханддаг. Сэтгэлийн хөдөлгөөний хувьд эерэг, тухайн хүнийхээ хэрэгцээ, зорилго, сайн сайхныг хангахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл, сэтгэлтэй хүн бол шударга, тэгш, ялгаварлалгүй, бүтээлч хандлагатай байдаг.
Улс төрчийг хэр сэтгэлтэй иргэн болохыг хэрхэн таньж мэдэх вэ?
-Хүний үйлдэл, үйл ажиллагааг хэр ёс зүйтэй вэ гэдгийг тогтооход амархан л даа. Тухайн шийдвэрийг хэр их олон нийтэд хэлэлцүүлж байж гаргасан бэ? Гаргаж байгаа шийдвэр, явуулж байгаа үйл ажиллагаанаас Монголын хүн амын хэдэн хувь нь үр шим хүртэж байна вэ? Зөвхөн бүлэг хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа юу? гэх мэт. Түүнчлэн олон түмний хэрэгцээ, тулгамдаж байгаа асуудлыг хэр өргөн хүрээнд судалж, хэр баримт нотолгоотой шийдвэрийг гаргаж байна вэ гэдэг чухал.
Түүнээс биш би шударга, чи намайг шударга биш гэлээ, чи шударга юм уу гэсэн явуулийн яриа, маргаан мэтгэлцээн нь улстөрчдийг өөрийг нь явуургүй, явцгүй байгааг нь л харуулна гэсэн үг. Тэгэхээр улстөрч хүн ард түмэндээ ямар байдлаар харагдаж байна вэ гэдэг тэр хүний үгнээс л мэдэгдэх нь байна.
-Сонгуульд чухал оролцоотой салбар бол яах аргагүй хэвлэл мэдээлэл. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь улстөрчидтэй холбоотой мэдээ мэдээллийг бэлтгэдэг, түгээнэ. Түүнчлэн иргэдийг мэдээллээр хангах үүргийг хүлээнэ. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нийгмийн сэтгэл зүйг хэрхэн тооцож, сонгуультай холбоотой мэдээ мэдээллийг хүргэвэл зохилтой вэ?
-Сэтгүүл зүйг дөрөвдэх засаглал гэж хэлдэг. Ард иргэдийнхээ сэтгэл зүйг тогтвортой байлгах, харилцан хүндэтгэл бүхий нийгмийн орон зайг бий болгож байдаг салбар бол сэтгүүл зүй. Тиймээс ХМХ-ээр дамжуулж буй мэдээлэл нь ард иргэдийн сэтгэл зүйг хамгаалахын тулд төвийг сахисан, аль нэг нам, бүлэглэлийн эрх ашиг, үйл ажиллагаанаас ангид баталгаа, нотолгоотой, үнэн бодит мэдээллийг ард иргэдэд хүргэх гол үүргээ ухамсралж байх ёстой.
Өнөөдөр сэтгүүлчид сурвалжилж байгаа тодорхой нам улстөрийн бүлэглэлийнхээ мэдээллийн баталгаатай, нотолгоотой талаас нь хянадаг, шүүдэг, нийгэмд ямар нөлөө үзүүлэх талаар нарийн бодож, ухамсарлаж ажилламаар байна.
Түүнээс биш аль нэг намын мэдээллийг бэлтгэн түгээхдээ захиалгын мэдээллийг түгээгч байр сууринаас хандах юм бол иргэдийн сэтгүүл зүйд итгэл алдрана. Ард иргэдийн сэтгэл зүйг тогтворгүй болгоно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэл алдана гэдэг бол хамгийн аюултай шүү дээ.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үйл ажиллагаагаа бодоод захиалгат нэвтрүүлгийг хийдэг. Энэ нөхцөлд шийдвэр гаргахдаа юуг анхаарвал зохилтой вэ?
-Захиалгат мэдээлэл байж болно. Гэхдээ дан ганцхан иргэдийн саналыг авахыг гол зорилгоо болгож болохгүй, харин ард иргэдийн сэтгэл зүйд хэр нөлөөлж болох талаар бодож баталгаа нотолгоотой материал бэлдэх нь зөв юм. Баталгаа нотолгоотой байлаа ч ямар асуудлыг шийдэх гэж байгаа нь чухал байдаг. Нэр дэвшигчид санал өгөх хүний тоог нэмэгдүүлэхийн тулд ноцтой мэдээллийг олноор цацах нь зөв юм уу буруу юм уу.
Тухайн мэдээлэл хүнд хэрхэн нөлөөлөх бол гэдгийг маш нарийн бодох хэрэгтэй. Баталгаа нотолгоогүй мэдээллийг боловсрол багатай, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах чадваргүй хүмүүст хэдий чинээ ихээр хүргэнэ төдий чинээ нийгэмд таагүй, сөрөг нөхцөл байдал үүсэх магадлал нэмэгдэнэ. Эдгээр хүмүүсийн үзүүлэх хариу үйлдэл таашгүй. Энэ утгаараа бол их хөнөөлтэй. Нийгэмд хүмүүсийн харилцааг муутгах, тодорхой олон нийтэд хандах хандлагыг өөрчлөх хортой нөлөөтэй байж болно.
Н.ЦЭНДБАТ