[starbox]
“Манчестер-Арена”-д алан хядах ажиллагаа гүйцэтгэсэн хэрэгт сэжиглэгдэж буй Салман Абедигийн нэг ахыг Манчестер түр саатуулаад байгаа билээ. Тэгвэл түүний аав, өөр нэг ахыг ч саатуулсан байна. Амиа золиослогч алан хядагч хэмээн сэжиглэгдэж буй Салманы аав Рамадан Абеди нь хүүгээ энэхүү халдлагыг хийгээгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Түүний хэлснээр хүүгээ анх Манчестерт дэлбэрэлт үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа тухай сонсоод зурагтаа асааж үзтэл ВВС-гийн мэдээллээр Салманыг зөвхөн сэжиглэж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан гэжээ.
Рамадан Абеди хүүгээ тийм юм хийнэ гэж төсөөлж ч чадахгүй байгаа гэнэ. Хүү нь Манчестер руу явахаар төлөвлөж байгаа талаараа яриагүй аж. Рамадан “Тэр умру /Меккид бага даяан хийх/ хийх гэж байна л гэж ярьсан” хэмээжээ.
Үүнээс гадна Салман Абедигийн эцгийн ярьснаар тусгай ажиллагааныхан тэдний Манчестерт байдаг гэрийнх нь хаалгыг эвдэн орж, тэнд тэсрэх бодис агуулагдаж байгаа юм шиг харагдуулан хөршүүдийг нь айлгасан гэнэ. “Тэр ч бүү хэл тэсрэх бөмбөг олсон гэсэн цуу яриа хүртэл гарсан байна билээ. Гэтэл тэнд ямар ч тэсрэх бодис байхгүй шүү дээ. Цагдаа нар ч ямар ч бодис байхгүй гэж мэдэгдсэн шүү дээ” хэмээнаав нь мэдэгдсэн байна.
Рамадан Абеди хүүгээ алан хядах ямар ч бүлэглэлд байдаггүй гэдэгт итгэлтэй байгаа аж. “Би үүнийг сайн мэдэж байна. Яагаад гэвэл бидний дунд нууц байдаггүй. Салман бид хоёр түүний ярихыг хүссэн бүх сэдвээр нээлттэй ярилцдаг байсан” гэжээ. Түүнчлэн тэрбээр хүүгээ дэлбэрэлт үлдээгүй, харин “тусгай албаны нууц гар” хүүг нь буруутгаж байгаа гэж баталдаг байна.
Ах нь мэдэж байсан гэжээ
Харин Салман Абедигийн ах ийм халдлагад бэлтгэж байсныг мэдэж байсан гэнэ. Энэ талаар Ливийн Терроризмын эсрэг албаны мэдээллээс эш татан “АВС” агентлаг мэдээлжээ. Гэхдээ амиа золиослогч алан хядагч этгээд хэмээн сэжиглэгдэж буй түүнийг хэзээ, хаана халдлага үйлдэх гэж байсныг мэдээгүй гэнэ. Үүнээс гадна Салман Абедигийн гэрээс тэсрэх бодис үйлдвэрлэх цех илэрсэн тухай мэдээлэл гарсан юм.
Английн Манчестер хотын “Манчестер-Арена”-д даваа гарагийн шөнө Америкийн поп дуучин Ариана Грандегийн тоглолтын дараа дэлбэрэлт болсон билээ. Тус халдлагын улмаас 22 хүн амиа алдаж, 64 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээж байгаа аж.
Манчестерийн цагдаагийн газраас энэхүү халдлагад 22 настай Салман Абедиг сэжиглэж байна. Хууль сахиулах байгууллагын мэдээлснээр тэрбээр Манчестерт ливи гаралтай гэр бүлд төржээ. “ВВС”-гийн мэдээлснээр Абеди дэлбэрэлт болохоос өмнөхөн хилийн чанадаас Англид ирсэн гэжээ. Харин “Times”сониныхон түүнийг Ливиэс ирсэн гэсэн байна.