Өнөөдпөр болж буй УОК-ын хурлаар цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. “Монгол Улсын Засгийн газар цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, зорилтот бүлгийг дэмжих чиглэлээр багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эдгээр ажлыг Засгийн газрын 7 тогтоолын дагуу хэрэгжүүлж эхэлсэн.
Цар тахалтай холбоотой өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарт 213,7 тэрбум төгрөг зарцуулаад байна. Үүнээс гадаадын зээл тусламжаар 176,1 тэрбум төгрөг, боловсрол, эрүүл мэндийн салбарт зохицуулалт хийж 20,6 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц болон төсвийн хуваариар 17 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргажээ.
Дээрх хөрөнгөөр 13 эмнэлгийн эмч, ажиллагсдад нэмэгдэл цалин хөлс олгож 3.9 сая ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл, 33 төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 18,700 нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, 72 амьсгалын аппарат болон бусад шаардлагатай зүйлийг худалдан аваад байна.
Түүнчлэн 2020 оны 02 сарын 01-ээс 10 сарын 01 хүртэл коронавируст халдварын оношилгоо, эмчилгээнд зориулж импортлох эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөөд байна. Тэтгэвэр тэтгэмжийг 100 мянгаар, 1.1 сая хүүхдэд зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг олгохоор болсон.
Үүний дараа малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малчдын нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор болоод байна. Үүнийг олгох бэлтгэл ажил хийж байна. Удахгүй олгож эхэлнэ. Мөн НДШ-ээс 37 мянга гаруй ААН-ийн 390 мянган даатгуулагчийг хамрууллаа. Нийт ААН-ийн 97 хувь нь юм” гэлээ.