Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ Төрийн ордонд болж байна. Хуралдааны эхэнд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өгсөн бол үргэлжлүүлэн Шадар сайд Ө.Энхтүвшин нэгдсэн мэдээллийг өгөхдөө “Дотооддоо халдвар авсан тохиолдолд гуравдагч шат эхэлнэ. Тэр шат битгий эхлээсэй. Ийм байдалд оруулахгүйн тулд бүгдээрээ илүү сайн ажиллах хэрэгтэй байна” гэж онцоллоо.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Монгол Улсад дотоодод илэрсэн халдвар байхгүй. Өмнөговь аймгийн боомтоор орж ирсэн 153 жолоочод шинжилгээ хийж байна. ОХУ-ын долоон хотын 14 сургуулийн 58 оюутан халдвар авсан гэдгийг тогтоосон. Оюутнууд эдгэрч эмнэлгээс гарч байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Монгол Улсад 141 халдвар бүртгэгдсэн. Тэдний 33 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Одоо 108 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт зөөвөрлөгдөж ирсэн 141 тохиолдлын 121 нь ОХУ-аас халдвартай ирсэн. Англиас долоо, Өмнөд Солонгосоос гурав, Шведээс гурав, Францаас хоёр, Италиас нэг гэх мэтээр зөөвөрлөгдөж ирсэн. Нийт тохиолдлын 78 нь “Буянт-Ухаа” боомтоор, 63 хүн нь “Алтанбулаг” боомтоор орж ирсэн.
Өнөөдрийн байдлаар хоногт 150-200 эмч, мэргэжилтэн тусгай үүрэг гүйцэтгэж, тусгаарлалтад ажиллаж байна. Тэд тусгаарлалтын байранд байгаа 1141 хүнтэй ажиллаж байна.
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тогтмол зөвлөгөө өгч байна. Гадаадын оронд Монгол Улсын 32 иргэн халдвар авсан нь тогтоогдсон. Эрүүл мэндийн яамтай байнгын холбоотой байна. Тэдний 13 нь эдгэрсэн. Харин Швед улсад халдвар авсан нэг иргэний биеийн байдал наашилсан. Бусад нь хөнгөн хэлбэрээр өвдсөн гэх мэдээлэл байна.