Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан /2020.05.22/ өдөр Налайх дүүрэгт ажиллалаа.
Налайх дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарсан гэрээг 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар заасан юм.
Гэвч барилгын ажил ямар нэгэн шалтгаангүй удааширсаар өнөөдөр 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Хотын Захирагч С.Амарсайханы зүгээс энд удаа дараа ирж ажиллан цэцэрлэгийн барилгын ажлыг түргэвчлэх шаардлагыг гүйцэтгэгч компанийн хариуцсан албан тушаалтнуудад тавьж байсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч компани маш хариуцлагагүй ажиллаж байгаагийн улмаас он дамнан уг цэцэрлэг баригдсаар байна.
Хотын Захирагч тус цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгаж, гүйцэтгэл туйлын хангалтгүй, чанар стандартын дүрэм журам зөрчигдсөн нь илт байна гэдгийг тус компанийн барилгын инженер Т.Мэндбаярт хэллээ.
Түүнчлэн барилгын ажилд хяналт тавин ажиллаж буй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон тус дүүргийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүст хандан барилгын ажилд өдөр бүр тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн долоодугаар сарын 1 гэхэд цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгасан байхыг онцгойлон анхааруулж, тогтсон хугацаанд чанар стандартын шаардлага хангасан хийж гүйцэтгээгүй байвал хариуцлага тооцож ажиллана гэдгийг холбогдох албаныханд хатуу санууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өөрийн хариуцсан ажил хүүхдийн ирээдүйд ийм цэвдэг сэтгэлээр бүү ханд. Ийм хандлага хаа сайгүй байгаа учраас бид нийгмээрээ өөдлөхгүй байна.
Энэ орчмын олон хүүхэд холоос цэцэрлэгтээ явдаг. Та нар хүний юм гэсэн байдлаар энэ ажилд хандаж байгаа учраас ажил урагшлахгүй байна. Өөрийнхөө хүүхдийг энэ цэцэрлэгт явах юм шиг санаж ажлаа хий, сэтгэл гаргаж ажилла” хэмээв.