Хүнийг нүүр царайгаар нь таньдаг 2000 камерыг Нийслэлд суурилуулахаар болсон байна. Ер нь бол Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болохоор Нийслэлийн мэдээлэл технологийн газар ажиллаж байгаа аж. Энэ тухай тус газрын дарга О.Чинзориг ийнхүү ярьжээ.
Тэрбээр ” Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийслэлээс “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болно. Энэ ажил нь гурван үе шаттай хэрэгжинэ. Энэ жил 2000-аад камерыг суурилуулах төлөвлөгөө гараад байна.
2000 камераас 600-г замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулна. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь одоогоор замын хөдөлгөөний таван хувийг камераар хянаж байна. Харин 600 камер нэмж суурилуулахад 28 хувийг нь хянаж чаддаг болно.
Үлдсэн 1400 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах юм. Одоо ажиллаж байгаа камераар нийтийн эзэмшлийн зам талбайн 10 хувийг хянаж байгаа бөгөөд энэ жилдээ багтаад 20 хувийг нь хянадаг болно.
Цаашдаа 2021 онд хотын сууршлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолсон. Ингэснээр гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзэж байгаа” хэмээв.
Тодруулвал, Нийслэлд суурилах гэж байгаа уг камер нь хүний царай таних, царай нь харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних, автомашиныг дугаараар таних, авто зогсоол сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан автомашин болон хүшний байрлал маршрутыг дагаж мөрдөх, осол аваар гарахад дохио өгч яаралтай мэдэгдэх зэрэг олон талын давуу талтай ухаалаг систем аж. У
хаалаг систем суурилуулах судалгааны ажил дууссан бөгөөд камер сонгох ажлын хэсэг буюу мэргэжлийн байгууллага, Шинжлэх ухааны академи, мэдээллийн технологийн салбар, гадны эрдэм шинжилгээний байгулулага зэрэг олон мэргэжлийн баг хамтран үндсэн системээ сонгол ажил явагдаж байгаа юм.
Б.ИРЭЭДҮЙ