2020-05-12 13:321min06

Уулзвар дээр зохицуулалт хийж байсан замын цагдааг автомашинаар мөргөжээ

88999

Өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны оройн ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг автомашинаар мөргөж биед нь гэмтэл учруулжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг 32-ын тойргийн уулзвар, зуслангийн замд тус дүүргийн замын цагдаагийн алба хаагчийг биет зохицуулалт хийж байхад Subaru-forester маркийн автомашинаар мөргөсөн байна.

Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба алба хаагчийн биеийн байдал хэвийн, эмнэлгийн дүгнэлт гарахыг хүлээж байна гэж албаныхан мэдээллээ.

Түүнчлэн өнгөрөгч амралтын өдөр мөн замын цагдаагийн алба хаагчийг автомашинаар чирч, биед нь гэмтэл учруулсан хэрэг хуулийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тавдугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаа Land cruiser-200 маркийн автомашиныг зогсоож, жолооч 37 настай Б гэгчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоожээ.

Энэ үед жолоочийг автомашинаас буух шаардлага тавихад жолооч эсэргүүцэж, машинаараа 100 метр газарт чирч, нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан байна. Энэхүү хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба албаны дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.

Хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг иргэн бүр биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв эсэргүүцсэн, амь биед халдсан, гэмтэл учруулсан бол өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна.