Финлянд нь Европын холбоо дотроо орон гэргүй иргэдийн тоо нэмэгдээгүй, буурсан цорын ганц орон болсон юм. Тэд энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэж чадсан бэ?
Сүүлийн хэдэн жилийн дотор Европын холбоонд орон гэргүй иргэдийн тоо нэмэгджээ. Одоогийн байдлаар яг хэдэн хүн орон гэргүй болсон бэ гэсэн мэдээлэл байхгүй ч энэ асуудал Герман, Ирланд, Бельги зэрэг улсад нэлээд хурцаджээ. Харин Европын холбоо дотроо орон гэргүйчүүдийн тоо буурсан цорын ганц улс нь Финлянд. Энэ бол төр, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгэмлэгийн хамтын ажиллагааны үр дүн юм.
Финлянд жор
Жор №1: АСУУДЛЫГ ХАРАХ. “Эхлээд орон сууц” хэмээх төслийг 2008 онд санаачилжээ. Тухайн үед Финляндын орон гэргүй иргэдэд тавих бодлого бусад улс орнуудынхаас нэг их ялгарахааргүй байлаа. Орон нутгийн засаг захиргаа хоноглох газрууд, түр асрах байр нээж, тэнд нь гудамжны иргэд хоноглодог байв.
Гэвч энэ нь цаад асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Хүн эхлээд амьдрахаа төвхнүүлэх, ажилд орох ёстой. Тэгээд дараа нь өөрийн гэсэн байр сууцтай болох боломж гарна гэж байв. Ингээд төслийн санаачлагчид үүнийг зөв бус алхам гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Жор №2: ШИЙДВЭРИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ. “Эхлээд орон сууц” төслөөр хүмүүс хоноглох, усанд орох, хувцсаа угааж өмсөх газаргүй үед ажил олоход хэцүү гэдгийг олж тогтоосон байна. Харин эсрэгээрээ, өөрийн гэсэн орон сууцтай болбол амьдралын бусад асуудлаа шийдвэрлэх суурь нь болж болно гэдгийг тогтоожээ. “Бид ямар нэгэн нөхцөлгүйгээр орон сууц олгохоор шийдвэрлэсэн” гэж төслийг санаачлагчдын нэг Юха Каакинен мэдэгдсэн байна.
Төслийн нөхцөл ёсоор орон гэргүй иргэд нийтийн сууцанд байртай болоод түрээсийн гэрээнд гарын үсэг зурна. Туршилтын гурван сарын хугацааны дараа гэрээ нь байнгын болж өөрчлөгдөнө. Хэрвээ түрээслэгчид түрээсийн төлбөрөө тогтмол төлж, журам зөрчихгүй бол хөөхгүй. Үүнээс гадна орон гэргүй иргэдэд зориулсан байруудад тусгай ажилтнууд ажиллаж, цэвэрлэгээ үйлчилгээ, хоол унднаас эхлээд ажил хайхад нь хүртэл тусална.
Жор №3: МӨНГӨ. “Эхлээд орон сууц” төслийн хүрээнд 3500 шинэ орон сууц барьжээ. Барилгын ажил, нийгмийн ажилтнуудад төрөөс 250 сая евро гаргасан байна. Гэвч Засгийн газраас эмнэлгийн яаралтай үйлчилгээ, нийгмийн үйлчилгээ, шүүх цагдаа гэх мэт асуудалд орон гэргүй байсан иргэдийг нийтийн сууцанд оруулснаар хүн бүрээс жилд 15 мянган еврогийн хэмнэлт гарч байгааг тооцоолжээ.
Жор №4: ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА: Байр худалдан авах, шинэ байшин бариулах, хуучин асрах байруудыг тохижуулах ажлыг төр, хотын захиргаа, нийгмийн байгууллагууд хамтран гүйцэтгэж ирсэн байна. Хельсинк хотын захиргаа хотын газрын 70 хувийг эзэмшдэг, өөрийн барилгын компанитай байсан нь төслийг хэрэгжүүлэхэд дөхөм болжээ. Үүнээс гадна хотын захиргаа байр сууцаа алдах эрсдэлд орсон түрээслэгчидтэй тусгай зөвлөгөөн хийдэг байна.
ҮР ДҮН. Мэдээж Финлянд улс орон гэргүй иргэдийнхээ асуудлыг бүрмөсөн шийдвэрлэж чадаагүй. Энд одоо ч гэсэн 5500 орчим иргэн (тус улс 5,5 сая хүн амтай) толгой хоргодох байргүй хэвээр байна. Гэхдээ “Эхлээд байр сууц” төсөл хэрэгжих хугацаанд орон гэргүй иргэдийн тоо 35 гаруй хувиар буурчээ. Финляндын энэ туршлагыг бусад орон ч хуулбарлан авч эхлээд байна. Жишээлбэл Британийн Засгийн газар Мерсисайд муж, Баруун Мидленд бүс, Манчестертээ ийм том төсөлд санхүүжилт хийжээ.