Чингэлтэй дүүрэгт 72 цагийн турш хатуу хөл хорио “тогтооно”

Тавдугаар дугаар сарын 6-8-ны өдрүүдэд “COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалтыг 72 цагийн турш тасралтгүй зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийх ажээ. Мөн энэ үеэр Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тус хугацаанд хязгаарлана.
Энэ талаар Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ikon.mn сайтад өгсөн ярилцлагандаа дурьджээ.
Тэрбээр “Дадлага сургуулилалт зохион байгуулах Монгол Улсын шадар сайдын тушаал гарсан бөгөөд хоёр үндсэн хэсэгт хуваагдан зохион байгуулагдана. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед төрийн байгууллагууд хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, энэ ажлыг яаж төлөвлөсөн, ямар хүндрэл бэрхшээл, нөөц байгааг тодотгож, хоорондоо ярилцах команд штабын сургалт хийгдэнэ.
Энэхүү сургалт нь 72 цагийн турш тасралтгүй явагдана. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана. Тус дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийнэ.
Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тус хугацаанд хязгаарлана. Иргэн хүн гэртээ байна гэдэг нь энэ дадлага сургуульд оролцож байна л гэсэн үг. Нэмэлтээр цэргийн зориулалттай тусгай тоноглолт машин техник оролцуулж, сургуулилалт хийж үзнэ. Гэхдээ үүнийг байлдааны ажиллагаа мэтээр буруу ойлгож, ийм төрлийн мэдээллийг бусдадаа түгээхийг хатуу хориглож байна. Дүүргийн удирдлагууд, ажлын хэсэгтэйгээ ярилцаж байна. Ер нь бол зөвхөн онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага л үйл ажиллагаагаа явуулж буй байдалтайгаар, бусад нь яг зогссон байдалтайгаар явагдана” хэмээв.
М.БАЯР