УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Иймд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Тухайлбал, “Энэ тогтоолын гурав дахь заалтад заасан барааны үндэсний кодыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор батлах”, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт заасан хязгаарт багтаан барааны гаалийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох”, “Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрт нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээний тухай журмыг батлан хэлэлцээрийн хүрээнд үйлчлэх импортын тоо хэмжээний хязгаар болох гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.
Иймд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.