БНСУ-ын иргэн Lee Man Hee-ийн үүсгэн байгуулсан Христийн шашнаас үүсэлтэй “Шинэ тэнгэр газар” буюу “Шинчеонжи” шашны урсгал итгэгчдээ Христийн 12 дагалдагчийн нэрээр 12 овогт хуваан, дэлхийн төгсгөл болох үед аврагдах 144000 хүний нэг болон үлдэж, дэлхий даяар тархан Lee Man Hee-ийн боловсруулсан номлол сургаал дээр үндэслэн Библийн сургалтыг тодорхой үе шат, хугацаатай зохион байгуулдаг.
“Шинчеонжи” шашны урсгалын сургалт, номлолын гол агуулга нь Lee Man Hee аврагч элчийн тайлбар номлол хамгийн үнэн зөв, Есүсийн илгээсэн элч хэмээн тахин шүтэж, ер бусын нэгэн хэмээх итгэл үнэмшлийг төрүүлж, бодит амьдралд үл нийцэх сургаал, номлолыг түгээдэг. Тухайлбал: Олон Улсын Культ Судлалын Нийгэмлэгийн албан ёсны цахим хуудсанд шашны гаж урсгалыг олон янзаар тодорхойлсон байна. Тэдгээрээс дараах тодорхойлолт шашны гаж урсгалын хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх нөлөөг илүү тодотгожээ.
Тэнд “Lee Man Hee-ийн шашны гаж урсгал нь зарим нэг хүн, үзэл санаа, зүйлийг хэт улайран шүтэж, бүх л зүйлээ түүндээ зориулдаг бүлэг буюу хөдөлгөөн юм. Гишүүдийнхээ сул талыг ашиглан дарамт шахалт үзүүлэх, тэдний бодол санааг хянах (гэр бүл, найз нөхдөөс нь холдуулдаг, хүчгүй сул дорой бусдыг аялдан дагалдагч, бүлгийн хүчтэй шахалтанд оруулдаг, гишүүдийнхээ мэдээлэл авах сувгийг хянаж удирддаг, хувь хүний эрх чөлөөг хязгаарлан, чөлөөт сэтгэлгээг боомилж, шашны бүлгээсээ хамааралтай болгон түүнийг орхин явбал аймшигт гай зовлон тохионо гэх айдсыг төрүүлдэг зэрэг) ёс зүйгүй арга хэрэглэн эрхэндээ оруулж үүсгэн байгуулагч удирдагчийн хүсэл зорилгыг биелүүлэхийг зорилго болгон гишүүд, тэдний гэр бүл, нийгэмд хохирол учруулдаг” гэж тодорхойлжээ.
“Шинчеонжи” шашны гаж урсгал сайн дурын байгууллагуудаар халхавчлан үйл ажиллагаагаа зохион байгуулж, итгэгчдээ татдаг. Үүнд:
Тэнгэрийн соёл дэлхийн энх тайвны гэрлийг дахин сэргээх байгууллага /HWPL Heavenly Culture World Peace Restoration of Light/.
Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг /IWPG – International women’s peace group/,
Олон улсын залуучуудын энх тайвны бүлэг /IPYG – International peace youth group/ гэсэн халхавч байгууллагуудаар дамжуулан сайн дурын үйл ажиллагаа зохиох, энх тайвны төлөө урлаг, спортын наадам зохион байгуулж гадаадын нэр хүндтэй улс төрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг спортын одод, жүжигчдийг урин оролцуулж итгэгчдийг өөрийн шашинд татдаг.
2020 оны I улиралд БНСУ-ын Эрүүл мэндийн яамд COVID-19 өвчний тархалттай холбоотойгоор “Шинчеонжи” шашны урсгал 245605 итгэгчдийнхээ мэдээллийг гарган өгсөн нь тус шашны байгууллагын идэвхтэй гишүүдийн сүүлийн үеийн тоог харуулж байна.
Солонгосын нийгэмд Шинчеонжи шашны урсгалтай адил хүмүүсийн итгэл үнэмшил, шашин шүтлэг дээр тулгуурлан нэр алдар олж, улс төрийн эрх мэдэлд хүрч, эдийн засаг, бизнесийн том ашиг орлого олдог өөрсдийгөө амьд бурхан хэмээгч 60 орчим хүн байдаг. Тэдгээр хүмүүсийн үндэслэсэн зарим шашны гаж буруу урсгалууд нь Солонгосын нийгэмд шуугиан тарьсан гэмт хэргүүдтэй холбогдож байсан жишээг дурдвал:
1987 оны Одаеяанг /Odaeyang/ шашны урсгалын 32 итгэгчдийн амиа хорлосон хэрэг.
2009 онд Аврал, ивээл /Providence/ сүмийг үндэслэгч Жун Мюн Сеокийн эмэгтэй итгэгчдээ хүчирхийлсэн хэрэг. /Тэрээр 1980 онд Мүүнийн шашнаас салж тусгаарлан Провиденс сүмээ байгуулсан/
2014 онд 300 гаруй хүн амийг авч одсон “Севол” хөлгийн эзэн Ёо Бюн Юны хэрэг.
2016 оны Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн зөвлөх Чой Сүүн Силийн авилгалын хэрэг.
2018 онд Сүмийн 400 гишүүдээ уриалан БНСУ-аас Япон улсын Фижи арал руу дүрвэн тэднийг хүнд хүчир хөдөлмөр хийлгэн, дарамталж зоддог байсан Шин Ок Жугийн хэрэг,
2018 онд Манмин сүмийн пастор Лее Жае Рокийн эмэгтэй итгэгчдээ удаа дараа хүчирхийлсэн хэрэг.
2020 онд COVID-19 голомтыг нуун далдалсан, түгээсэн “Шинчеонжи” шашны байгууллагын тэргүүн Lee Man Hee-ийн хэрэг зэрэг болно.
Эх сурвалж: ТЕГ