УИХ-ын чуулганы нэгдсэн хурал эхэллээ. Хурлаар 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцууллаа.
Тухайлбал, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чехийн хэлэлцээр, Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, Вьетнамын гэрээ, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх аж. Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс ХХААХҮ-ийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу асуулгын хариуг 15.00 цагт сонсохоор төлөвлөсөн байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар Ноён уулаас эхлээд түүхийн үнэт ховор олдвор илэрдэг газруудыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын хоёр төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах санал гаргасныг олонх дэмжлээ. Ийнхүү чуулганаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ.