Дэлхий нийтэд шинэ коронавирус цар тахал гарснаар улс орнуудын эдийн засагт тодорхой хэмжээний нөлөө үзүүлж газрын тосны үнэ буурсаар байгаа билээ. Тэгвэл энэхүү эдийн засгийн үзэгдэл нь нефьтээ 100 хувь импортолдог манай улсад ашигтай тусч, Монголын зах зээлд шатахууны үнэ хямдрах боломж бүрдсэн.
Одоогийн байдлаар шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буураад байна. Цаашид ч буурах боломжтой талаар албаны хүн таатай мэдээ дуулгажээ.
Энэ талаар АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА Ц.ЭРДЭНЭБАЯР хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үнийн хувьд 1830-аас одоо 1450-1500 хооронд Улаанбаатар хотын хэмжээнд зарагдаж байна. Үндсэндээ 400 орчим төгрөгийн бууралт явсан байна. Яагаад тэр 600-700 төгрөгөөр буурах ёстой гээд гарч ирээд байгаа вэ? гэхээр 1 болон 2 сард 600 доллароор авсан үнэтэй бүтээгдэхүүн хэмжээ савных нь нөөцөд байгаа. Яагаад гэвэл он гарснаас хойш ковид-19 тэй холбоотой борлуулалт буурсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад компанийн борлуулалтын хэмжээ буурсан байна. Импортоор орж ирж байгаа хэмжээ буурсан байна. 2019 оны үлдэгдэл бүтээгдэхүүн байж байна. Тэгэхээр 600 орчим доллароор авсан бүтээгдэхүүнээ одоо шууд 360 долларын үнээр зарах боломж байхгүй. Хэрэв өмнөх үнэтэй байхдаа авсан бүтээгдэхүүн нь зарагдаад дуусчихсан, сав нь хоосон одоо хямд орж ирж байгаа бүтээгдэхүүн байвал мэдээж 100 гаруй төгрөгөөр бууруулах үйл ажиллагаа явуулна. Гэхдээ одоогоор өмнөх авсан үнэтэй бүтээгдэхүүн борлуулалтад хэрэглэгдээд явж байгааг ойлгох хэрэгтэй. Одоо дөрвөн сарын 25-27-ны хооронд таван сарын үнийг өгнө. Бид нар энэ дээр ямар ч байсан одоогийн үнийг хадгалагдах, дахин жаахан буурч орж ирэх болов уу гэсэн хандлага байна” гэжээ.
М.БАЯР