-Нийслэлийн төрийн захиргааны албан тушаалтнууд хууль зөрчиж байна-
Улаанбаатар хот өндөр байшин барилгаар өдрөөс өдөрт өнгө нэмж, бүтээн байгуулалт өрнүүлж буй. Гэхдээ хүрээ хаяагаа төдийлөн тэлээгүй, хотын төвийн А зэрэглэлийн гэх бүсдээ шавааралдуулан, автомашин битгий хэл, хүн явахад ч бэрх болсоор. Энэ нь нийслэлийн хот төлөвлөлтийн, газрын, мэргэжлийн хяналтын гээд хууль, журам, дүрэм хэрэгжүүлэх ёстой байгууллагуудад хээл хахууль, танил тал, ар өврийн хаалга хэтийдсэний илрэл гээд хэлчихэд буруудахгүй. Нийслэлийн төр захиргааны холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд танил талдаа үйлчилж, хууль, журмыг уландаа гишгэн барилга барьчихаад байхад мэргэжлийн хяналтын байгууллагынхан үл ойшоож, Монгол Улсад мөрдөж буй эрх зүйн хэм хэмжээг тэс өөрөөр тайлбарлан суух юм. Өрнөсөн үйл явдлыг дор сийрүүлье.
ХУУДУУТАЙ БАРИМТААР БАРИЛГА БАРЬСАН Ч ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГЫНХАН “ХАРАЛГҮЙ” ӨНГӨРЧЭЭ
Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг, “Улаанбаатар” их дэлгүүрийн урд, хуучнаар Хими цэвэрлэгээний газар байсан объектыг их хувьчлалын үеэр буюу 1992 онд гурван хэсэг болгон хувийн өмчид шилжүүлжээ. Нэлээд том хэсгийг тухайн үеийн Хими цэвэрлэгээний газрын даргаар ажиллаж байсан хүн хувьчлан авч, улмаар З.Баясгалантөгөлдөрт худалдсан аж. Үлэмж хэсэг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн эзэмшлийн “Лаки” төвийн мэдлийнх болж. Өчүүхэн хэсгийг нь иргэн О.Батсүхийн төрсөн ах хувьчилж авчээ. Өөрөөр хэлбэл, дээрх газрын барилга, эзэмшил газар гээд нэлээд том байгууламжийн 304 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж эхэлжээ. Улмаар 2001 оноос О.Батсүхийн нэр дээр тэр объектоо шилжүүлж.
Монгол Улсын эдийн засаг сэргэж, Улаанбаатар хотод барилга, байшин хаа сайгүй сүндэрлүүлж эхэлсэн 2014 онд Хими цэвэрлэгээний газрын том хэсгийг эзэмшигч иргэн З.Баясгалантөгөлдөр өөрийн эзэмшлийн 1300 ам метр талбай бүхий объектынхоо эдэлбэр газарт гадна ханын хязгаар нь 5х25 м хэмжээтэй хоёр давхар барилга барихаар зөвшөөрөл авчээ. Гэтэл өнөөдөр тэнд хоёр давхар атлаа эзэмшил талбай, барилгын хэмжээ нь 9.5х26.5 м барьсан нь иргэн О.Батсүхийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөд байгаа аж. З.Баясгалантөгөлдөр ингэхдээ хуудуутай бичиг бүрдүүлж, төрийн байгууллагынханд гаргаж өгсөн байх юм. Барилга барих ажил эхлүүлэхээс өмнө ойр хавийн оршин суугч, аж ахуйн нэгжийнхнээс зөвшөөрөл авахыг шаарддаг. Гэтэл дээрх өргөтгөлийн барилгынхан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 2013 оны зургадугаар сарын 11-нд гараараа “Хөрштэйгөө зөвшилцсөн. Манай хөрш, бидэнтэй нэг байр хуваан өмчилдөг иргэн О.Батсүх зөвшөөрсөн, өөрөө мөн өргөтгөх хүсэлтэй. Манайхыг өргөтгөхөд О.Батсүхийн хөрш Л.Гүндалайтай хамт уулзаж, тохиролцоонд хүрэхэд туслаарай гэсэн. Хөрштэйгөө зөвшилцсөн гэж үзэж байгааг хүлээн авна уу” гэсэн байна. Уг бичигт нь З.Баясгалантөгөлдөр л гарын үсэг зурснаас бус, зөвшилцөгч талын О.Батсүхийг төлөөлсөн хэн нэгний гарын үсэг ч үгүй аж. Иргэн О.Батсүх ийн зөвшилцөх нь битгий хэл, ийм бичиг байгааг ч огт мэдэхгүй явжээ. Хууль бус үйлдлийг нь таслан зогсоолгох гэж нийслэлийн төр, захиргааны холбогдох байгууллагуудаар олон хоног явахдаа л үүнийг мэдсэн байна. Үүгээр зогсохгүй барьж дуусаагүй барилгыг 2014 онд Улсын комисс хүлээж авсан тухай баримт ч бүрдүүлснийг нь олж мэдсэн байх юм.
Уг нь иргэн О.Батсүх барилга барьж эхлэх үед буюу 2016 онд холбогдох байгууллагад гомдол гаргасан аж. Үүнийх нь дагуу НМХГ-ын улсын байцаагч 2016 оны аравдугаар сарын 20-нд 02-07-136/1306 дугаартай, зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг иргэн З.Баясгалантөгөлдөрт өгчээ. Уг шаардлагад “Иргэн З.Баясгалантөгөлдөрийн захиалгаар “Рокшугар” рестораны өргөтгөлийн барилга нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй тухай нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны аравдугаар сарын 5-ны 05/114 дугаартай албан бичгээр ирүүлсэн байна. Хяналт шалгалтаар Барилгын тухай хуулийн 40.2-т заасан барилгын ажлын зураг төсөлгүй гүйцэтгэсэн, 40.1.16-д “Барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх”, Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.3-т “Олгосон газарт зориулалтын бус барилга, байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулахыг хориглох” заалтыг зөрчсөн тул зөрчлөө арилгах хүртэл барилга, угсралтын ажлыг зогсоох болсон аж. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан 2016 оны аравдугаар сарын 5-нд үйлдсэн Зөрчил арилгуулах тухай албан бичигтээ “Иргэн З.Баясгалантөгөлдөр нь барилга угсралтын ажил эхлүүлэхдээ Барилгын тухай хуулийн 26.1.1, 27, 28 дугаар зүйлийг зөрчиж, зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж байна. Уг хуулийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээ авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ” гэж заасан байна. Иймд зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангуулахад хамтран ажиллана уу” гэж НМХГ-т хандсан юм байна. Гэвч иргэн З.Баясгалантөгөлдөр уг шаардлагыг хүлээн авахгүй, барилгаа барьж дуусжээ. Энэ үед нь мэргэжлийн хяналтын болон бусад байгууллагынхан иргэний зориулалттай барилга учраас зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн тайлбар хэлсээр, зөвшөөрөлгүй барилгын ажлыг өөгшүүлсэн байгаа юм.
ХОТЫН ЗАХИРГААНЫХАН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ ӨӨРСДӨД АШИГТАЙГААР ТАЙЛБАРЛАВ
Иргэн О.Батсүх өөрийнх нь эрх ашгийг зөрчсөн барилгыг зогсоолгож, анх зөвшөөрсөн талбайд нь бариулахын тулд хөлөө цуцтал явж байгаа гэнэ. Гэтэл нийслэлийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд хууль, журам, тогтоол, эрх зүйн баримт бичгийг өөрсдөд ашигтайгаар тайлбарласаар байгаа аж. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний, Хот байгуулалт, хөгжлийн, Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор баталсан дүрмийг үндэслэн иргэн З.Баясгалантөгөлдөрт барилгынх нь ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон хэмээн тайлбар гаргаж өгчээ. Хууль зөрчин барьсан өргөтгөлийн барилгыг дээрх тогтоолоор баталсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн III хавсралтад заасан “Инженерийн хангамж нь өөрийн эх үүсвэртэй, хоёр давхар хүртэл, 3600 шоо метр эзлэхүүнтэй, иргэний барилга болон амины орон сууцны инженерийн барилга”-д хамаарах тул барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авах шаардлагагүй, ашиглалтад хүлээн авах, хаяг дугаар олгох шаардлагагүй гэсэн тайлбар өгч буй. Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, дэд дарга Ц.Тулга, Ч.Бум-Эрдэнэ нарын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тайлбарт өгүүлснээр, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам буюу Улаанбаатар хотын төвийн инженерийн нэгдсэн сүлжээнд холбогдсон, өөрийн өмчлөлийн нэг давхар барилга эзэмшдэг, хажуудаа өргөтгөл хийх гэсэн хэн нэгэн Хот байгуулалт, хөгжлийн газар болон инженерийн шугам, сүлжээ хариуцдаг холбогдох бусад байгууллагаас зөвшөөрөл, техникийн нөхцөл авалгүйгээр өргөтгөлийн барилга барьж, хуучин барилгынхаа цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам, сүлжээнд шууд холбож болно гэсэн ойлголт төрүүлж байгаа юм.
Харин Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хорооныхон иргэн О.Батсүхэд тайлбар, тодруулга хүргүүлэхдээ “Улаанбаатар” цахилгаан түгээх сүлжээ, Дулааны сүлжээ, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагаас техникийн нөхцөл, зөвшөөрөл авахгүйгээр барьж болохгүй гэдгийг тодотгосон байна. Барилгын тухай хуулийн 4.1.23-т “Бие даасан эх үүсвэр, шугам сүлжээ” гэж тухайн барилга байгууламжийн хэрэгцээг хангахад зориулан барих ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбоо зэрэг инженерийн хангамжийн шугам сүлжээ, байгууламжийг, мөн хуулийн 4.1.7-д “Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх” гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам, сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг хэлэхээр хуульчилсан байна. Эл хуулийн 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг уг хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх шаардлагатайг тодорхойлсон атал нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийнхан хууль, дүрэм, журам, тогтоол шийдвэрийг өөрсдийнхөөрөө тайлбарлаж хэнэг ч үгүй шүүхэд хүргүүлж суугааг юу гэж ойлгох вэ. Магадгүй хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашгийг хамгаалахын тулд ийм бичгийг шүүхэд хүргүүлэв үү.
2016 ОНД БАРЬЖ ДУУССАН БАРИЛГЫГ ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЧЭЭ
Хууль, журам зөрчиж, тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн, бусдын эрх ашгийг зөрчин барьсан иргэн З.Баясгалантөгөлдөрийн барилгыг уг нь нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Сүхбаатар дүүрэг хариуцсан архитектор, кадастрын мэргэжилтэн нь маргалдагч талуудын төлөөллийг байлцуулан хэмжсэн юм байна. Хэмжилтээр 2013/674 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан байршлаас зүүн тийш 20 гаруй метр шилжүүлсэн, өргөтгөлийн барилгын урт, өргөний хэмжээ нь 5х25 м байх ёстой атал 9.5х26.5 м хэмжээтэй барьсан нь тодорхой болжээ. Ийнхүү өөрсдөө албан ёсоор хэмжиж тодорхойлсон атлаа шүүхэд “Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан, эсэхийг тус газар тодорхойлох боломжгүй тул шинжээч томилж тодорхойлох боломжтой” гэсэн тайлбар хэлж байгаа нь хачирхалтай. Уг нь нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын нь хэмжилт хийдэг, Улаанбаатар хотын бүх газар болон барилга байгууламж, шугам, сүлжээний кадастрын мэдээллийг хариуцсан хэлтэстэй байгууллага атал өөрсдөөсөө зайлуулж буйг юу гэж ойлгох вэ.
Түүнээс гадна Нийслэлийн хот байгуулалт, газрын бодлого хэрэгжүүлэх, газар зохион байгуулалт, дэд бүтцийн хангамж, орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл, дүгнэлт гаргах зөвлөлийн 2013 оны долдугаар сарын 5-ны хурлын үеэр тухайн үеийн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор Л.Даваажав гэх хүн уг байршлын схем зургийг өөрчлөн, хэний ч эрх ашгийг хөндөөгүй мэт болгож, 25 м шилжүүлж зуран батлуулж, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй хүмүүс болох Л.Гүндалай, О.Батсүх нартай зөвшилцсөн гэж бичүүлж авсан байгаа юм. Ийнхүү байршил, хэмжээ нь өөрчлөгдөн, бусад иргэний эрх ашгийг хөндөж, хууль, журам, дүрэм зөрчин барилга барьчихаад байхад хяналт тавих ёстой НМХГ-ын барилгын асуудал хариуцсан байцаагч нар нь шүүхэд “Зураг төслийн дагуу баригдсан, зөвшөөрөл авах, шинжээч томилох шаардлагагүй” гэсэн тайлбар өгч байжээ.
Энэ мэтээс гадна нэгэн сонирхолтой баримт байгааг дээр цухас дурдсаныг тодруулъя. Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, НМХГ-аас 2016 оны аравдугаар сард барилга барьж дуусаагүй байхад, “зөвшөөрөлгүй, хууль бус” хэмээн шаардлага, мэдэгдэл өгч байсан талаар дээр тодорхой бичсэн. Гэтэл хувь хүн өөрийн хөрөнгөөр барьсан барилгыг 2014 оны нэгдүгээр сарын 14-нд Барилга, байгууламж ашиглалтад оруулах комиссын акт үйлдэн авсан байх юм. Уг комиссын бүрэлдэхүүнд нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа багтсан байв. Ашиглалт хүлээн авах комиссын актад “Энэхүү өргөтгөлийн барилгыг 07/13 дугаартай зураг төслөөр 2013 оны наймдугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2013 оны аравдугаар сарын 23-ны өдөр дуусгасан” хэмээн бичсэн байв. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр, Архивын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй юм.
Уг барилгыг хүлээн авчихаад, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын сан хөмрөгт бичиг баримтыг нь хадгалах болсон нь хачирхалтай. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь улсын төсөв, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж, 2013 оноос өмнөх баримт материалаа нийслэлийн Архивын газарт хадгалуулж байгаа юм билээ. 2014 оноос хойших материалыг өөрийнархивт хадгалж буй гэсэн. Үүнээс үзэхэд иргэн З.Баясгалантөгөлдөрийн барилгын хуудуутай бичиг баримтыг хэн нэгэн албан тушаалтны хүсэлтээр 2014 оны архивын материалын жагсаалтад оруулах гэж байж. Үүнийг архивын бичиг баримт хянаж шалгадаг байгууллага нь нягталж, хариуцлага тооцвол зохилтой.
Эл хуудуутай барилгын ард эрх мэдэл бүхий, магадгүй өндөр албан тушаал хашиж байсан хэн нэгэн байгаа бололтой. Тиймээс нийслэлийн төрийн захиргааны албан тушаалтнууд хуудуутай бичиг баримтаар барьсан барилгыг ямар нэг байдлаар хаацайлан хамгаалж байх шиг. Магадгүй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлагуудын дунд шатны алба хаагчдын дотор авлига, ашиг сонирхлын зөрчил байгаагийн илрэл энэ байж болох.
Бэлтгэсэн: Г.РАВЖАА