Өнгөрсөн оны 11-р сард Хэнтий аймгийн Дадал сумын малчны хотонд баавгай орсон гэх мэдээллийн дагуу Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “А” хэсгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд очиж эл амьтныг барьсан байна.
Биологич, малын эмч нар баавгайд үзлэг хийхэд тамир тэнхээ муу, савар нь хөлдөж, цус гоожсон шархтай байсан учир бие даан өвөлжих боломжгүй хэмээн хамгаалалтын захиргааны дэргэд өвөлжүүлсэн байна. Эл амьтныг асарч, хооллоход тус газрын хамгаалалтын захиргаанаас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, мөн нутгийн иргэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Одоо түүний сарвуу эдгэж, тарга тэвээргэ хангалттай авч, бие дааж амьдрах чадвартай болсон тул удахгүй байгальд нь буцаан тавина хэмээн Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Баясгалан мэдээллээ.
Сонирхуулахад, 2019 онд Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт 32 удаа хүрэн баавгай тааралдсан бөгөөд дөрвөн баавгайг хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид зориулалтын тор ашиглан барьж, хооллож, хүнээс зайдуу газарт буцаан тавьсан байна.
UNUUDUR.MN