Х.Болорчулуун гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалтай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлжээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн фэйсбүүкээр Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын талаар өөрийн байр сууриа дараах байдлаар илэрхийлжээ.
Тэрбээр ” Танайх гэдэг айлд хэлж ирдэггүй, хийсч ирдэг хүнд өвчин зовлон тусаад шаналж байхад хөршүүд чинь бүгд сэжиглэж, үүд хаалгаа түгжин орж ирэхээ больвол ямар санагдах вэ. Харин ядруухан ч гэсэн сайхан сэтгэлтэй нэгэн хөрш чинь хонины гуя барьж орж ирээд шөл хийж биеэсээ тэнхрүүлээрэй гээд гарвал тэр хөршийнхөө багахан ч гэсэн ач тусыг насан туршдаа мартана гэж үү.
Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг байх тухай өвгөдийн алтан сургаалийг Монголын төр хүнд хэцүү үед нь Хятадын ард түмэнд 30 мянган “шөлний” хониор хандив өргөж хэрэгжүүллээ. Үүнд ганцхан Ерөнхийлөгчийн бус, хоттой хонио ч, хойморийнхоо “сангийн бор” авдар доторхийг ч мэддэг Ерөнхий сайдын бодол, сэтгэл шингээстэй байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж Монголын маань сайхан үг байдаг юм” гэж хэлэхэд хариуд нь Си Жин Пин дарга “Хүнд хэцүү үед өгсөн дуслын хариуд, бүтэн голыг өгөхөд ч болно” гэсэн Күнзийн сургаалийг иш татан бэлэгний батламжийг баяртайгаар хүлээн авчээ.
Хандивын батламжийг олон улсын албан хэл гэдэг англиар бус, мөн хятадаар бус худам Монгол бичгээрээ бичиж гардуулсан нь Монгол өөрийн гэсэн хэл соёл, түүхтэй өвөрмөц нэгэн үндэстэн гэдгээ Хятад төдийгүй дэлхий дахинаа эвтэйхэн ойлгуулж буй хэрэг мөн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өвөрмөц айлчлалыг бүх дэлхий, түүн дотроо Хятадын ард түмэн сайшаан талархаж байна. Ялангуяа хөрш Хөлөнбуйрын барга монголчууд, хорчины цахар үзэмчин монголчууд, цаашлаад Хөх нуурын хошууд, Тэнгэр уулын торгууд, дээд монгол гээд бүх монголчууд маань нүүдэлчин монголчуудын гал голомт болсон тусгаар тогтносон МОНГОЛ улсаараа бахархаж элэг нь дэвтэж, баярлаж омогшин суугаа нь гарцаагүй” гэжээ.