Уламжлалт Сар шинийн баяраа энэ удаа Монголчууд өвөрмөц байдлаар өнгөрүүлж байна. Хятад Улсад дэгдэж, дэлхий нийтээр тархаж буй шинэ коронавирусын халдвар, тархалттай холбоотой хөл хорио, орон нутаг, хот хөдөөгийн авто зам, төмөр замын тээвэр, агаарын хилийн хориг үйлчилж, хөл хөдөлгөөн багатай Цагаан сар болж өнгөрч байна.
Төрийн байгууллагууд цаг наргүй ажиллаж, шийдвэрүүдийг шуурхай гаргахын хамт технологийн хөгжлөө дагаад иргэд, олон нийт мэдээллийг шуурхай авч хэвшсэн нь нийгэмд гарч буй шинэ үзэгдэл болжээ. Мэдээллийн хурдыг даган иргэдийн зүгээс тавьж байгаа шаардлагуудад мэдээллийн хэрэгслээр эх сурвалжтай үнэн бодит мэдээллийг шаардаж эхэлжээ.
Иргэдийн хувьд шинэ коронавирусын халдварын тархалт, үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөөс авч байгаа арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллгаас гаргаж буй мэдээлэл зэрэгт иргэд нааштайгаар хандаж, аливаа шийдвэрийг биелүүлж, зөвлөгөө зөвлөмжийг нь дагаж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрсдлээс хамгаалж, төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, дагаж мөрдөж байгаад талархаж буйг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр олон нийтэд мэдээллэсэн юм.
Шадар сайд: Ард иргэддээ талархал илэрхийлье. Сүүлийн үед Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссоос нэлээд олон шийдвэрийг гаргалаа. Цагаан сар тэмдэглэхгүй байх, замын хөдөлгөөнийг хязгаарлах, хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг зогсоох, ОУ-ын нислэгийг зарим чиглэлд хоригллох, зогсоох шийдвэрүүдийг гаргалаа. Үүнийг ард иргэдийн дийлэнх олонх нь хүндэтгэн хүлээн авч, дагаж, мөрдөн хэрэгжүүлж ажиллаа.
Орон нутгийн болон нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг энэ сарын 27-ны өдрийг хүртэл бүрэн зогсоож, хяналт тавьж ажилласан. Ингэхэд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчидтай маргасан, үйл ажиллагаанд нь хүндрэл учруулсан зүйл гарсангүй. Харьцангүй нөхцөл байдал тайван байлаа. Иргэд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрт ухамсартайгаар хандаж байгаа мэдээллүүд ирж байна.” хэмээв.
Ямартай ч Монголчууд аливаа асуудалд эв нэгдлээр ухамсартай хандаж чаддаг гэдгээ улс орных нь өмнө тулгарч буй эрсдэлт нөхцөл байдлыг үед харуулж чадлаа. Мөн Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч аливаа мэдээлэлд албаны хүний тайлбарыг хүргэх тал дээр анхаарч, олон нийтэд хүргэж буй мэдээлэлдээ нягт хянамгай хандах болоод байгаа нь нийгэмд гарч буй эерэг үзэгдэл болж байна.
Н.ЧИНЗОРИГ