Цагаан сарын шинийн нэгний өглөө золгож, мэндчилэхдээ жил орж буй хүмүүс жинхэнэ насаа хэлэлгүй, насаа нэмж, аль болох сондгой тоотой нас хэлнэ. Жил орж буй хүмүүс насаа нууцлах учиртай байдаг. Цагаан сараар үйл мэтгэх, оёхдоо хуучин дээл хувцас, эдмэршсэн эд зүйл нөхөхийг цээрлэнэ. Заавал шинэ юм эхлэн оёдог нь сайн сайхны бэлгэшээл болно.
Цагаан сараар үс авахыг цээрлэнэ. Үс авбаас нагац нарын ам бүлээс хэн нэгэн тэр жилдээ өөд болно гэж хэлдэг. Цагаан сарын өдрүүдэд эд юм гадагш зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарзын үүд, гарлагын ам нээгдэнэ гэдэг. Шинийн нэгний өглөө зулын голыг хуучин галын цог цучлаар асаахыг цээрлэнэ. Заавал шинэ галаас асаана. Учир нь хуучин онд тунасан сайн мууг шинэ онд цэглэн төгсгөж, алив бүхэн шинэдэж эхлэхийн бэлгэ дэмбэрэл болгож буй хэрэг аж.
Мөн шинийн нэгэнд айлд хонохыг цээрлэнэ. Хэрэв айл хунараар хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүй хэсүүчлэн тэнэнэ гэдэг. Цагаан сарын шинийн нэгэнд уйлж унжих, хэрэлдэж цуугилдахыг цээрлэнэ. Зөрчвөөс бүтэн жилийн туршид хэл ам, хэрүүл цуугиан үл тасарна гэдэг. Шинийн нэгэнд мөн үнс хогоо гадагш хаях, гаргахыг цээрлэнэ. Үнс хогоо заавал шинэ оноос өмнө гаргаж, орон гэрээ цэмцийлгэн цэвэрлэсэн байна. Өнгө жавхаатай шинэлэх нь тэр жилдээ цог золбоотой байхын бэлгэдэл болно. Цагаан сарын шинийн долоонд айлд очих, золгохыг цээрлэнэ.
Эл өдрийг “хар өдөр” гэх тул тийнхүү цээрлэдэг байна. Ордос нутагт энэ заншлыг хатуу чанд баримталсаар байна. Цагаан сарын үеэр бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх, мал нядлах, амьтан алахыг цээрлэнэ. Бэлгэгүй үг хэлбээс тэр ёсоор өөрт эрхэж уршиг тарина. Амьтны амь тасалбаас үхэл хагацал нүүрлэнэ гэдэг. Цагаан сараар эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Хэрэв золговоос хагацна, сална, хар элэгтэн болно гэнэ.
Цагаалж, шинэлж буй хүн уурлан цухалдаж, агсамнан аашлахыг болон бусад ёсон бусын явдлыг аль болох цээрлэн хичээнгүйлнэ. Цөөн өдрийн хичээнгүйллээс олон өдрийн жаргаланг олж авахын тулд чингэдэг ажгуу. Товчоор хэлбэл улс үндэстэн болгонд өөрсдийнхөө хэн болохыг, хаанаас үүсэлтэй, ямар удам судартай, үүх түүхтэй, соёл суртахуунтай улс болохыг мэдэж мэдэрдэг баяр ёслол гэж байдаг. Монгол угсаатны тийм баяр ёслол нь даруй бидний дээр өгүүлэн бүхүй “Монголын цагаан сар” хэмээх баяр болно. Иймд угтаа энэ ганц баяраа ингэж тэгж тэмдэглэнэ, эсвэл бүр “ёслохоо больчихъё” гэхчлэн марган тэмцэлдэх нь ямар утга учиргүй зүйл болох нь тодорхой байна.
Энэ бол цагаан сарын өөрийнх нь бэлгэдлийн мөн чанар, өвөрмөц шинжид уг үндсээрээ харшилж байна гэсэн үг. Дэлхий даяарх улс үндэстний дотроос англи-саксон угсаатнууд “Сhristmas” баяраа, францчууд “Noёl”, германчууд “Weinachten”, энэтхэгчүүд “Девали”, казахууд “Наурыз” хэмээх баярынхаа талаар ингэж маргалдаж байна гээд бодоод үз дээ. Солиорсон гэмээр хэрэг болно биз дээ. Иймд бодож хичээцгээе, монголчууд минь.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.ДУЛАМ
2 comments
Ene jiliin tsagaan saraar hiih tseerleh es bol ail hesehgvi, zolgohgvi, orkuudynhaa zolgoh dongiig ni devergesen ene metiin niitlel bichih gvi bh blaa. Udahgvi end teden hvn tend te den hvn koronoogoor uvdluu geed baahan bayart medee bichih setgvvlch bnaa, novsh gej
Өвчин ,зовлонгоос ,ангад ,байхын ,тулд хориглох юмыг ,шийдэлгүй яахав. Инээж байгаад дуусалтай биш. Тэмцэх ,болгоомжлох нь ,зөв.