Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журам шинэчлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэхдээ агаарын бохирдлын түвшин, Засгийн газраас баримталж буй бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын шийдвэр зэргийг үндэслэн тогтоодог.
Багануур, Багахангай, Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулах санал гаргалаа
“2020-2021 онд мөрдөгдөх Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэхдээ Багануур, Багахангай, Налайх дүүргийн агаарын бохирдлын түвшин, дүүргийн удирдлагын саналыг үндэслэн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулах санал оруулж байна. НИТХ-ын 2019 оны “Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүрэг, Налайх дүүргүүдийн хороод хуваагдаж, шинээр 17 хороо байгуулагдсан тул тус хороодыг бүсэд хуваарилах шаардлага гарсан.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжаар Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэн 41,964 айл өрхийг 4кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Эдгээр үндэслэлээр “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг дөрвөн бүсэд хуваах саналыг гаргаж байна” гэж нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал онцолж хэллээ.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, Агаарын чанарыг сайжруулах бүс түүнд мөрдөх журамд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлж, холбогдох албаны хүмүүст тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөв.
Мөн хуралдаанд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр хүргэлээ.
Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35,206 га талбайгаас 6,711 га талбай нь барилгажсан хэсэг 9,752 га талбай гэр хороолол байна. Үүнээс 1,540 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Төлөвлөлтөд нийт 162,000 хүн ам, 40,000 айл өрх хамрагдаж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 12 дугаар тогтоол, 2019 оны 161 тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 26 байршил, 78 хэсэгчилсэн талбайг баталсан. Тус батлагдсан 26 байршил, 78 хэсэгчилсэн талбай нь 16,630 нэгж талбар бүхий 1,540 га газрыг хамарч байгаа.
Гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 79,239 айлын орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн байгаа аж.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг илүү идэвхжүүл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг илүү идэвхжүүл, гэрээ байгуулсан компаниудыг хариуцлагажуулах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллах шаардлагатай. Холбогдох албан тушаалтнууд энэ ажилд онцгой анхаарч ажилла” хэмээлээ.
Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов.
Нийслэлийн ЗДТГ