Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2020.01.29) хуралдаан 10 цаг 52 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохирчээ.
Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх аж.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Оргил ачааллын үед эрчим хүчний дутагдлыг ОХУ-аас авч хэрэглэдэг бөгөөд 150-200 мВт-ыг импортоор авдаг байна. Цэнэг хураагуур нь 3 цаг тутамд 100 мВт эрчим хүч хуримтлуулах бөгөөд шөнийн цагаар үйлдвэрлэж буй эрчим хүчийг хуримтлуулж, тэр хэрээрээ импортыг бууруулах боломжтой хэмээн тооцоолсон байна. Сонгинод байгуулах цэнэг хураагуурын системийг ирэх өвлөөс буюу 2020-2021 оны өвөл ашиглалтад оруулах боломжтой хэмээн төлөвлөөд байгаа гэлээ. Түүнчлэн өвлийн оргил ачааллын үед нар, салхин цахилгаан станцууд эрчим хүчний дутагдлаа нөхөх боломжтой болж байгааг салбарын сайд Ц.Даваасүрэн хэллээ. Монгол Улсын хэмжээнд нэн тэргүүнд 250-300 мВт-ын цэнэг хураагуурын систем шаардлагатай юм байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар техник, технологи нь асар их хөрөнгө, үүнтэй зэрэгцээд дэвшил, сайжруулалт, сэлбэг, үйлчилгээний хамаарлыг бий болгож байдгийг тооцох шаардлагатайг сануулж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийж, төсөлтэй холбогдуулан санал хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь банкны салбарыг чадавхжуулах хүрээнд Монголбанкинд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг танилцуулав. “Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр банкны системийн өөрийн хөрөнгө нэмэгдэн эрүүлжиж, улмаар эрсдэл даах чадвар сайжрах ач холбогдолтой гэж үзжээ. Түүнчлэн олон улсын жишгийн дагуу олон нийтийн өмчийн хэлбэрт шилжин, банкуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломж бүрдэн, нээлттэй ил тод болох аж. Мөн зохистой засаглалын гол хүчин зүйл болох шийдвэр гаргах, гүйцэтгэх, хяналт тавих эрх мэдэл хуваагдаж, хяналт-тэнцэл хангагдахын зэрэгцээ дотоод хяналтын тогтолцоо бий болох ач холбогдолтой хэмээн танилцуулгад дурдсан юм. Нөгөөтэйгүүр олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зохицуулалтын эрх зүйн орчин бүрдэж, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг нэвтрүүлэх, эдгээрийн үр дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын банкинд итгэх итгэл нэмэгдэж, санхүүгийн зуучлал өргөжин гүнзгийрч, улмаар банкны системд эдийн засгийн урт хугацааны тогтвортой хүртээмжтэй, эерэг өсөлтөд зохих хувь нэмрээ оруулна гэлээ. Хөтөлбөр үндсэн таван зорилттой юм байна.
Тодруулбал, банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, банкны үйл ажиллагааны зохистой засаглалыг сайжруулах, банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах зэрэг зорилтуудын хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм байна. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах, дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх болон банкны үйл ажиллагааны чиглэл, бизнесийн загвар болон бусад онцлог хүчин зүйлд тулгуурлан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тавигдах шаардлагыг төрөлжүүлэх зэрэг зорилтыг тодорхойлсон байна.
“Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, Д.Дамба-очир, Б.Ундармаа нар асуулт асууж, тодруулга хийн ажлын хэсгээс хариулт, тайлбар авлаа. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Ундармаа, Б.Дэлгэрсайхан, Х.Болорчулуун, Ц.Гарамжав нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.