“Яруу” ярих урлагийн төвийн Маркетинг хариуцсан захирал, сэтгүүлч Л.Гантуяатай ярилцлаа
-Өнөөдөр хүн бүр ярих урлагт суралцахыг эрмэлздэг болсон энэ цаг үед танай төв үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа гэж дууллаа
– Тийм ээ. Хүний нийгмийн харилцаанд орох хамгийн эхний чадвар бол ярих. Өнөөдөр залуус нийгэмд өөрийн байр сууриа олж манлайлахын тулд ярих урлагт суралцаж бусдад өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай болохыг эрмэлздэг болсон. “Яруу” ярих урлагийн төв маань өнөөдөр шинээр үүд хаалгаа нээж байгаа бус юм. Манай төвийн үүсгэн байгуулагч СУИС-ийн Театр Урлагийн сургуулийн багш , нэвтрүүлэгч Я. Болорчимэг маань “NTV” телевизэд ажиллаж байхдаа “NTV” академийг үүсгэн байгуулсан. Тус телевиз маань олон сайхан нэвтрүүлэг контент үйлдвэрлэхийн хажуугаар сургалтын үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул “NTV” телевизээс өрх тусгаарлан “Яруу” ярих урлагийн төв болон өргөжиж үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ юм.
-Яагаад ярих урлагийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхийг зорих болов?
– Бид өнөөдөр цахим орчинд л найз нөхөдтэйгөө харьцаж байна. Фэйсбүүкээр найз нөхөдрүүгээ, ойр дотнынхон руугаа сайн уу найзаа, уучлаарай, найз нь ажил ихтэй, уулзаж амжихгүй нь гэх хязгаарлагдмал үгс дээр л бидний харилцаа тогтож байна. Ийнхүү хүмүүсийн амьд харилцаа үгүй болсноор магадгүй бид нэг нэгнийхээ сэтгэл хөдлөлийг ойлгохоо байчихсан байдаг.
Ялангуяа хүүхдүүд хичээлээ тарж ирээд нэг нь зурагт үзээд, нөгөөх нь компьютер ухаад суучихдаг. Айл гэр дотор ах дүүс, эгч дүүс амьд харилцаагүй болсон. Дүү нь юу бодож байгаа, эгч нь юу бодож байгаа юуны төлөө тэмүүлж байгааг мэддэггүй. Цаашлаад эцэг эхчүүд хүүхдээ юунд сэтгэл зүй нь эмзэглэж байна. Юуны төлөө тэмүүлж байна, ямар авьяастай билээ гэдгийг мэдэж чадахгүй болчихсон.
Тэгэхээр хүүхэд зоригтой, шийдэмгий, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг хүн болж төлөвших төлөвшлөө багаасаа олж авч чадах суурь мэдлэгийг олгохыг манай академи зорьж байгаа.
Дуугүй, чимээгүй хүүхдүүд байдаг. Гэтэл тэр хүүхдэд маш олон авьяас нуугдаж байдаг. Гэтэл тэр хүүхэд түүнийгээ аавдаа ээждээ, багшдаа, ангийнхандаа илэрхийлж чаддаггүй.
Харин манай сургалтын төвд ирээд мэргэжлийн багш нараар ярих урлагийн хичээл, дотоод сэтгэл зүйгээ зөв яаж илэрхийлж чадах вэ гэдэг мөн чанарт суралцсанаараа ангидаа хүүхдүүд өөрийгөө илүү илэрхийлж чаддаг болдог.
Өнгөрсөн хугацаанд сургалтад явж байсан хүүхдүүдийнхээ эерэг үр дүнг харахад “Ангийнхаа хамгийн ард суудаг байсан хүү манай сургалтын төвд сууснаасаа хойш өөрийнхөө авьяас чадварыг мэддэг болсон.
Тэр хүү маш сайн ярьдаг. Маш сайн хөгжим тоглодог байсан. Ингээд сургалтад суусныхаа дараа урлагийн үзлэгээрээ өөрийгөө ангийнхандаа болон багшдаа илэрхийлж чадсанаар авьяасаа харуулж чадсан. Ярих урлагт суралцсанаар хүүхэд багаасаа өөрийгөө бүрэн илэрхийлэх төлөвшилийг өөртөө бий болгож чадсан.
Хүүхэд багаасаа чимээгүй, өөрийгөө илэрхийлэх чадамжгүй явсаар эцэст нь “-намайг хэн ч тоодоггүй, -миний үгийг хэн ч ойлгодоггүй гэсэн гомдол тээсээр насанд хүрч нийгмийн харилцаанд орж эхлэхээрээ ажил амьдрал дээр өөрийгөө зөв илэрхийлж чаддаггүй хүн болчихсон байдаг.
Өөрийгөө илэрхийлж чадахгүй л бол хэчнээн мэргэжилдээ сайн байгаад ахиж дэвших боломж хязгаарлагдмал байдаг.
– Ярих урлагийн цогц мэдлэгийг олгоно гэж байгаа. Ямар хичээлүүд орох вэ?
–Ярих урлагт суралцана гэдэг хувь хүнээс маш их ур чадварыг шаарддаг учраас манай төв СУИС-ийн багш нарыг урьж мэргэжлийн хичээлүүдийг орохоор хөтөлбөрөө боловсруулаад байгаа. Түүнчлэн сэтгэл судлал, илтгэх урлаг, хөтлөгчийн уран чадвар, камерын өмнө хэрхэн биеэ барилгүй чөлөөтэй ярьж сурах зэрэг хичээлүүдийг тухайн салбартаа олон жил ажилласан туршлагатай магистр, доктор багш нараар заалгахаар уриад байгаа.
-Хүүхэд залуус ярих урлагт суралцсанаар бусдын өмнө өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадна– “Яруу” ярих урлагийн төвийн сургалт ямар хүмүүс сурах боломжтой вэ?
–Бид сургалтаа бүхий л насны хүмүүсийн ярих чадварт чиглүүлэн явуулахаар хөтөлбөрүүдээ боловсруулаад байгаа. Жишээ нь СУИС-ийн Театр урлагийн сургуультай хамтын ажиллагааны хүрээнд СУИС-д элсэн орох гэж байгаа хүүхэд залуусыг элсэлтийн шалгалтанд бэлтгэж, суурь мэдлэг олгох хөтөлбөрөө боловсрууллаа. СУИС-ийн багш нар нь өөрсдөө манай төвд багшлах гэж байгаа учраас суралцагчид маань анхнаасаа урлагийн суурь мэдлэгээ зөв олж авах юм. Түүнчлэн бид өсвөр насны хүүхэд багачууд руу чиглэсэн хэл ярианы сургалтаа эхлүүлэх гэж байна. Яруу сайхан монгол хэлээрээ зөв сайхан цэгцтэй ярих, үгийн арвин баялагтай болохын дээр хэл ярианы олдмол гажгийг нь засах хөтөлбөртэй. Хүүхэд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж сурснаар зоригтой, өөртөө итгэлтэй, бусдыг манлайлах чадвартай болдог. Цаашлаад өнөөдөр нийгмийн бүхий л салбарт манлайлах хүсэл эрмэлзэлтэй залууст зориулсан ярих урлагийн үндсэн ангидаа ч элсэлт авч байна.
-Таны хувьд мэргэжлийн сэтгүүлч хүн. Сэтгүүлчидрүү чиглэсэн ахисан төвшний сургалт маш их шаардлагатай байгаа. Танай төв энэ орон зайг харсан уу?
– Орон зай гэж харахаасаа илүү энэ бол салбартаа хийх миний бодит хөрөнгө оруулалт байх ёстой гэж тунгааж байгаа. Тиймээс манай төв Нийслэлийн Сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ахисан төвшний сургалтын хөтөлбөрийг боловсруулаад байна. Хөтөлбөрт жишээ нь сэтгэлзүйн хичээл тусгагдсан байгаа. Сэтгүүлчид бид өглөө ажил дээрээ ирээд шуурхай хийгээд мэдээндээ гарахдаа ямар ч үйл явдлын орчинд очих үүрэг даалгавар авдаг. Үхэл хагацал, осол аваар, хэрүүл маргаан гэх мэт. Нийгмийн энэ их стресс бухимдлын дунд мэдээлэл бэлтгэж явахдаа өөрсдөө эерэг, сэтгэлзүй тогтвортой байх хэрэгцээ шаардлага үүсдэг. Тиймээс сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэлзүйн шинжлэх ухааны талаарх танин мэдэхүйн боловсролыг сэтгүүлчдэд олгох шаардлагатай байгаа юм. Наад зах нь сэтгэл хөдлөлөө хянаж сурах, бусдын сэтгэлзүйн байдлыг танин мэдэж тэр хирээрээ бусадтай харьцах харилцаандаа ахиц гаргах, нийгмийн болоод иргэдийн сэтгэлзүйг өөрийнхөө төвшинд дүн шинжилгээ хийж чаддаг байх ёстой. Энэ нь цаашлаад сэтгүүлчдийн мэдээ мэдээллээ үнэн бодитой, нухацтай зөв өнцгөөр хийх чадварыг суулгаж өгнө. Ингэснээр иргэдэд хүрэх мэдээ мэдээлэл сэтгэлзүйд нь нийцэж чанар болоод хүртээмж нэмэгдэнэ. Мөн өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байгаа нийт сэтгүүлчдийн 70 хувь нь Англи хэлний анхан шатны мэдлэггүй байна гэсэн судалгаа байгаа. Тиймээс бид англи хэлний хичээлийг мөн орох гэж байна. Цаашлаад хөтлөх ур чадвар, хэл ярианы техникийн хичээлүүд орно. Бидний энэ санаачлалыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл маань ч дэмжин ажиллах байх гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.
-“Яруу” ярих урлагийн төвийн үйл ажиллагаа зөвхөн сургалтаар хязгаарлагдах уу? Мэргэжлийн уран бүтээлчдийн баг нэгдсэн байгаа гэж сонссон?
– Манай төв ярих урлагийн цогц мэдлэгийг мэргэжлийн туршлагатай багш нар , хамтран ажиллаж байгаа мэргэжлийн урлагийн тэргүүлэх байгууллагуудынхаа хамтын ажиллагааны хүрээнд олгохоос гадна Ярих урлагийн төвийнхөө дэргэдэх баримтат кино, нэвтрүүлгийн продакшнаараа дамжуулан нийгэм рүү чиглэсэн зорилтод контентуудыг бэлтгэнэ. Хэвлэл мэдээллийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан мэргэжлийн сэтгүүлч, найруулагч, зураглаач нэвтрүүлэгчдээс бүрдсэн мэргэшсэн хамт олон байгаа.
– Хувь хүний хөгжлийн сургалт, мэргэжлийн уран бүтээл хосолсон төв үйл ажиллагаа эхлүүлж байгаад баяртай байна. Ярих урлагийн сургалтууд хэзээнээс эхлэх вэ?
– Урам хайрлаж байгаад баярлалаа. Сургалтуудын маань бүртгэл эхэлсэн. Энэ сарын 25-аас ахисан төвшний болон анхан шатны ярих урлагийн ангиуд маань хичээлээ эхэлж байна. Манай төвийг зорьж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүүхэд залуус “Яруу” Ярих урлагийн төвийн Цахим хуудас болох “Яруу” ярих урлагийн төв” болон 89100322, 99626209 дугаарт холбогдох боломжтой. Манай төв Баруун Дөрвөн зам Монгол даатгалын байрны 5 давхарт 502 тоотод байрлаж байна.
-Сурагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийнхөө талаар товчхон мэдээлэл өгвөл?
Ахлах болон дунд ангийн сурагчдад зориулсан ярих урлагийн сургалтдаа бид элсэлтээ авч эхлээд байна. Урт хугацааны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж өөрийгөө нээж хөгжүүлэх эрмэлзэлтэй хүүхдүүдэд манай төвийн үүд хаалга нээлттэй байна. Өсвөр насныхандаа зориулж бид тусгайлан сургалтын хөтөлбөрөө боловсруулсан. Бид суралцагчид даа дараах чадварыг эзэмшүүлэхийг зорилго болгож байна.
ХЭЛ ЯРИАНЫ ТЕХНИК – Бие, сэтгэхүйн баригдмал байдлыг чөлөөлж амьсгалах ,өгүүлэх,, дуугарах эрхтний уян хатан байдлыг сайжруулж, суурь амьсгааг ярих ур чадвартай нь уялдуулан хөгжүүлнэ.
ХӨТЛӨГЧИЙН УР ЧАДВАР – Ардын аман зохиолын болон орчин үеийн үндэсний ба гадаад уран зохиолын баялаг сан хөмрөгөөс яруу сонсголонт үг хэллэгийг сонгон авч дасгалжуулснаар хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж, оюуныг тэлэн, үгийн санг нэмэгдүүлж ярих чадварыг хөгжүүлнэ.
ЯРИХ УР ЧАДВАР – Уран зохиолын хэлээр дамжуулан санаа бодлоо дүр дүрслэлтэй, тод томруун илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ.
НАЙРУУЛАН БИЧИХ УР ЧАДВАР – Бичих найруулах эрдэмд сургаснаар сэтгэн бодох чадварыг хөгжүүлж өөрийн үзэл бодол байр сууриа чөлөөтэй илэрхийлэх чадварын хөгжүүлнэ.
СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТАЛААР ТАНИН МЭДЭХҮЙ – Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, орчин цагийн хүүхдийн шинж чанар, зайлшгүй мэдэх танин мэдэхүй, өөрийгөө олох өөрчлөлт бий болгох сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулаад байна.
-Өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт явуулахаар зорьж, ард түмэндээ оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе?
– Баярлалаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж ярилцлагынхаа буланд урьсан танай сайтын хамт олонд ч сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хэн бүхний үйлс цагаан байг ээ.