Хотын Захирагчийн албанаас сар шинийн баярыг угтсан “Хоггүй шинэлцгээе” аяныг эхлүүлэхээр боллоо. Аяны хүрээнд дүүргүүдийн Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ одоо үүсээд байгаа хог хаягдал, ачилт хийгдэхгүй удсан хог хаягдлыг нэгдүгээр сарын 25-наас өмнө тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ.
Түүнчлэн төвийн бүсийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон орон сууцны хорооллын хог хаягдлыг оройн 20:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд тээвэрлэх юм байна.
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс хоёрдугаар сарын 20-ны өдрийн хооронд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх, гэрлийн шонг угаах, шон дээр наасан зарлал, наалтыг хуулах нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс хашлагыг угааж цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг сэргээх зэрэг чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэн оролцуулах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хог тээвэрлэлтийг сайжруулах ажлыг зохион байгуулах аж.