Найруулагч Ж.Жамъянсүрэнгийн хоёр дахь бүрэн хэмжээний уран бүтээл “Хөхөө” уран сайхны киноны үзлэг саяхан “Prime Cineplex” кино театрт болсон байна. Тус кино нь хөхөө шувууны домгоос сэдэвлэсэн бөгөөд уг бүтээлийн бэлтгэл ажил зургаан сар, зураг авалт 2018 онд 50 хоногийн турш Ховд аймгийн Үенчийн хавцалд хийгдэж, пост продакшн нь жил гаруй хугацаанд он дамжин үргэлжилсэн байна.
Уг уран бүтээлийн баг нь олон улсын наадмуудын техникийн стандартыг хангах үүднээс дуу, дүрс, өнгөний нягтралд онцгой анхаарч ажиллажээ.
Эл уран сайхны кино нь ирэх онд үзэгчдэд хүрэх төдийгүй улмаар олон улсын кино наадмуудад өрсөлдөх юм.
Сонирхуулахад, “Хөхөө” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Т.Борхүү, А.Цэгмид, Э.Сансар, П.Баярмагнай, А.Баярцэцэг нар тус тус дүр бүтээсэн байна.