2019-11-05 13:161min04

iPhone авахын тулд өрөөсөн бөөрөө зарсан хүүгийн амьдрал 8 жилийн дараа хэрхэн өөрчлөгдөв?

iphone

iPhone гар утас худалдан авахын тулд бөөрөө зарсан гэсэн мэдээлэл хэсэгтээ л шуугиан тарьж, олны инээд, доог тохуу болоход хүрч байсан билээ.

17 настайдаа үнэхээр ийм үйлдэл хийсэн хятад хүү өдгөө 25 настай залуу болсон явна. Тэрбээр хүүхэд насандаа ийм тэнэг шийдвэр гаргасандаа харамсахын дээдээр харамсаж байна.
Ван Шанкунь 17 настайдаа буюу 2011 онд Apple-ийн гар утасны төлөө өрөөсөн бөөрөө зараад, сонинд бичигдэж эхэлсэн юм. Хятадын хамгийн ядуу бүс болох Аньхай мужид төрсөн тэрбээр сургуулийн сурагч байхдаа iPhone гар утастай болж, найзууддаа үзүүлэх нь үнэхээрийн чухал байв. Гэвч эцэг эх нь түүнд ийм утас авч өгөх чадал тэнхээ байсангүй. Хүссэн юмаа авахыг мөрөөдсөн хүү ингээд буруу замыг сонгохоор шийджээ. Ван Шанкунь интернэт ухаж байгаад санхүүгийн асуудлыг нь шийдэж өгнө гэсэн эрчүүдтэй танилцжээ.

Ингээд гэрээ хийж, өрөөсөн бөөрөө хар зах дээр зарж, Apple худалдан авах мөнгө авахаар болжээ. Энэ бүгдийг эцэг эхдээ ч мэдэгдэлгүйгээр нууцаар хийжээ. 2011 оны дөрөвдүгээр сард Шанкунь Хятадын Хунань мужийн Чэньжоу хотод очжээ. Энд түүнийг хоёр мэс засалч, нэг сувилагч, нэг туслах гээд хууль бус эрхтэн авдаг хүмүүс угтсан байна. Бүртгэлгүй эмнэлэгт зүүн бөөрийг нь авах хүнд төрлийн мэс засал хийж, дараа нь түүнийг нь өөр нэгэн өвчтөнд 150 000 юаниар заржээ. Зуучлагчид дундаас нь их хэмжээний мөнгө зувчуулан авч, Шанкуньд ердөө л 22 000 юань өгснөөс хүү шууд л iPad2, iPhone 4 утас худалдан авсан аж.

Энэ мэдээлэл цацагдсаны дараа Шанкунь “Надад хоёр бөөр юунд хэрэгтэй гэж? Нэг л байхад хангалттай” гэжээ. Гэтэл мэс заслын дараа удалгүй тэрбээр бөөрний дутагдалд орсон байна. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй эмнэлэгт мэс заслын дараах арчилгаа сувилгаагүйгээр бөөрийг нь авснаас болж халдварт өртөж, хоёр дахь бөөр нь ажиллагаагүй болжээ.

Өнөөдөр 25 настай Ван Шанкунь бөөрний дутагдал өвчнөөр шаналж, эмнэлгийн орон дээр хадаастай, ажиллаж, өөрийгөө халамжилж чадахааргүй болсон байна.

Хүүгээ Apple-ийн үнэтэй утас барьж яваад харсан ээж нь хаанаас мөнгө олсныг нь сонирхжээ. Харин хүү нь өрөөсөн бөөрөө зарсан гэж хэлэхэд тархин дундуур нь татаад авах шиг л болж, цагдаа дуудаж, болсон явдлыг хэлжээ. 2012 оны дөрөвдүгээр сард зуучлагч, эмч нар гээд есөн хүнийг хууль бусаар эрхтэн наймаалсан, хүний биед зориудаар гэм хор учруулсан гэж хэрэг үүсгэсэн байна.
Ван Шанкунь шүүх хуралд очиж чадахааргүй болтлоо бие нь сул байсан ч энэ хэргээр ялж, гэр бүлд нь 1,47 сая юанийн хэмжээтэй нөхөн олговор олгохоор болжээ. Зуучлагчид нь 3-5 жилийн ял авч, эмч нар нь тус бүр гурван жилийн ял сонссон байна.
Хэдийгээр Ван Шанкунь шүүхэд ялсан ч биеийн байдал нь улам л дорджээ. Өндөр, сайхан залуу байсан тэрбээр өдгөө орноосоо ч босч чадахгүй. Мөн гэр бүлээсээ бүрэн хамааралтай, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон тул нийгмийн халамжаар арайхийн амь зууж байна. Нэг л удаагийн болгоомжгүй шийдвэрээсээ болж тэрбээр сайхан амьдрах ирээдүйгээ алдсан гэхэд болно.