Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа нийслэлийн Амгалан амаржих газар эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил (резидент)-ээр 2018 онд сургалт эрхлэх байгууллага болсон билээ. Энэ хүрээнд аравдугаар сарын 29-ний өдөр “Сургалт эрхлэх байгууллага”-ын гэрчилгээг хүлээн авч, үйл ажиллагааныхаа нээлтийг албан ёсоор зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд НЭМГ-ын Захиргаа, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Сэвжид болон бусад зочид төлөөлөгч, амаржих газрын удирдлагын баг, эмнэлзүйн сургагч багш нар оролцсон юм.
Тус амаржих газрын хувьд 2018 онд 9, 2019 онд 16 резидент эмчийн элсэлт авч, сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж буй аж. Сургалт эрхлэх байгууллага болсноор нийт 15 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд АУ-ны доктор 3, зөвлөх зэргийн эмч 1, тэргүүлэх зэргийн эмч 6, ахлах зэрэгтэй 5 эмч өдгөө батлагдсан стандарт хөтөлбөрийн дагуу сургалтыг удирдан явуулж байна.
Тухайлбал нэгдүгээр дамжаанд эзэмшвэл зохих онол, гардан үйлдлүүдлийг эзэмших бол, хоёрдугаар дамжаанд ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УНТЭ болон Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагад тойролт хийж, сар бүрт ажлаа танилцуулах, хянуулах, хагас жил тутамд ажлаа дүгнүүлэх байдлаар суралцаж байна.
Улсын хэмжээнд сургалт эрхлэх нийт 20 байгууллага байдаг бөгөөд эдгээрийн нэг нь нийслэлийн Амгалан амаржих газар юм.