Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас тагнаж, чагнасан гэх асуудлаар ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү нар тайлбар өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. 2018 онд уг мэдээлэл гарах болсны дараа манайхаас “Ийм асуудал байхгүй” гэх тайлбарыг өгч байсан. Тухайн үед эрүүгийн цагдаагийн албаны нэр бүхий хоёр албан хаагчийг ТЕГ-аас шалгасан байдаг. Шалгаад уг асуудал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байхгүй байна гээд Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Өнөөдрийн байдлаар сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол алга байна. Гүтгэх, доромжлох гэдэг дээр хэд хэдэн зөрчлийн хэрэг байгаа.
Аливаа хэрэгт хохирогч гэж байдаг. Хэрвээ тагнуулж, чагнуулсан сэтгүүлч, редакц байгаа бол гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах нь нээлттэй.
Дахин хариуцлагатайгаар мэдэгдье. Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж, чагнасан үйлдэл байхгүй. Энэ буруу ташаа мэдээлэлд өмнө нь залруулга хийж байсан. Одоо ч дахин хэлж байна” хэмээн хэллээ.
Дээрх асуудлаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/МСНЭ/-ээс хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж “Сая МСНЭ-ээс мэдээлэл хийлээ. Ингэхдээ “ХЗДХ-ийн сайдад удаа дараа албан бичиг хүргүүлсэн. Хариугаа авмаар байна” хэмээн ярилаа. 2018-2019 онд МСНЭ-ээс ХЗДХ-ийн яаманд таван албан бичиг ирсэн байдаг. Эдгээр бичиг дунд хариу хүссэн албан бичиг байхгүй. Хүсэлт хүргүүлэх тухай, Тайлан хүргүүлэх тухай, Санал хүргүүлэх тухай, Мэдээлэл авах тухай, Хамтран ажиллах хүсэлт гаргах тухай гэсэн агуулагатай албан бичгүүд байна. Энэ дунд МСНЭ-ийнхний яриад байгаа 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 1/91 тоот албан бичиг байхгүй. Тэр бичиг нь яаманд ирээгүй байна” гэв.